Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунтай ярилцлаа.
Та Дундговь аймгийг удирдаад багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар танай аймагт ямар асуудал тулгамдаж байна вэ?
-Манай аймгийн хувьд хүн амын тоо жилээс жилд буурч, цөөрч байгаа нь санаа зовнисон асуудлын нэг юм. Хөгжил дагасан нүүдэл цөөн бус байна. Оршин суугчийн тоо цөөрснөөр төсвийн хөрөнгө оруулалт бүрдэхгүй. Хүн яагаад цөөрөөд байна гэвэл хөгжил яригдана. Тиймээс иргэдийнхээ амьдрах орчинг сайжруулахын тулд дэд бүтцийн асуудал тулгамдаж байна. Манай аймагт төвлөрсөн дулааны холболтгүй. Бүх байр халаалтын зуухнуудтай. Тиймээс төвлөрсөн дулааныг шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай. Мөн зам харгуй ихээхэн эвдрэл гэмтэлтэй. Төвлөрсөн дулаангүйн улмаас орон сууцны хороолол барих боломжгүй зэрэг асуудал хөндөгддөг учраас бид эхний ээлжинд иргэдийн амьдрах орчинг сайжруулах жил болгон зарлаад дулааны станц баригдах ажил хойшлоод байгааг яаравчлан шийдүүлж, тендер зарлах шатанд явж байна. Дундговь аймгийн хувьд улсаас татаас авдаг. 150 тэрбум төгрөгийн төсөвтэй гэдэг нь бусад аймагтай харьцуулахад маш бага тоо юм. Хүн ам цөөнтэй гэсэн шалтгаанаар, аж ахуйн нэгж байгууллага цөөн учраас төсвөө бүрдүүлж чаддаггүй. Ажлын байр бий болгох, ая тухтай амьдрах орчин бүрдүүлэхийн тулд дулааны асуудлыг шийдэх хэрэгтэй болсон. Дулааныг шийдвэл үйлдвэрлэл хөгжүүлэх гэх мэт олон асуудлын гарц нээгдэнэ. Нэгэнт төсвийн хэмжээ бага болохоор төр, хувийн хэвшлийн түншлэлээр асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн.
Гэтэл Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулинд зааснаар бол 100 мянгаас дээш хүн амтай аймагт төсөл хэрэгжүүлэх боломжтой гэсэн байдаг. Нэг бол сүүлийн гурван жилд Засгийн газраас, улсаас дэмжлэг аваагүй байх ёстой гэж заасан. Тэгтэл манай Дундговь аймаг 46-хан мянган хүн амтай учраас энэ хуулиар ямар нэг ажил хийх боломжгүй болсон. Түүнчлэн “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудыг аймагтаа уриад, татварын хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх санал тавих гэхээр Улаанбаатар хотоос 500-аас дээш км зайтай, алслагдсан газарт олгогдоно гэсэн заалттай. Ийм зарчмын зөрүүтэй, хязгаарлалтуудтай тулаад байгаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танай аймагт ажиллаж, парламентын бодлого, үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, санал, бодлыг сонсож байна. Та энэ асуудлаа танилцуулсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Манай аймагт УИХ-ын дарга хүрэлцэн ирж, бидний санал, бодлыг сонссонд Дундговь аймгийн иргэд бид маш их баяртай байгаа. Миний хувьд ч хууль эрх зүйн орчинг шинэчлэх асуудлыг хөндөж, шийдвэрлэж өгөхийг хүссэн. Тухайлбал, түрүүнд дурдсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль нь орон нутагт дэмжлэг үзүүлэх, төсвийн ачаалал бууруулах зорилготой хэдий ч бодит амьдралд зөрчилдөж байна. Хувийн хэвшлийн хийх ёстой ажлыг хүн амын тооноос хамаарч, орон зайнаас шалтгаалдаг байдлыг эргэн харах хэрэгтэй гэдэг асуудлыг УИХ-ын даргад хөндөж тавилаа. Төв халхын дуулалт жүжгийн театрын барилгыг гүйцээж бариулах, хоёр тэрбум төгрөгийн төсөв баталж, сууриа эхлүүлчихээд 13 жил өнгөрөхөд барьж дуусгаагүй. Гэтэл жил бүр төсөв нь нэмэгдээд одоо 30 тэрбум төгрөг болчихсон байдаг. Иргэдээ ая тухтай орчинд амьдруулахын тулд дулааны асуудлыг шийдэх шаардлагатайгаа хэлсэн. Монгол-Солонгос хоёр улсын хооронд хийсэн гэрээний дагуу дулааны станц бариулах боломжтой ч мөн удаан хугацаанд гацсан зэрэг асуудлыг үе шаттай шийдвэрлэж өгөх хүсэлтийг дайсан.
Орон нутагт амьдрахад хэр байна вэ? Таны хувьд хотын иргэдэд хандаж юу хэлэх вэ?
-Миний хувьд 40 гаруй жил Улаанбаатар нийслэлд амьдарсан хүн. Хөдөө нутагтаа шилжиж ирж амьдрахад ихээхэн таатай байгаа. Бүсчилсэн хөгжлийн дэмжих нь зүйтэй гэдгийг биеэрээ мэдэрлээ. Хэдийгээр манай аймагт асуудал байгаа боловч говийн бүс бүхэлдээ улс орны хөгжилд түлхэц өгөхүйц, эдийн засгийн гол хөшүүрэг, уул уурхайн стратегийн ордуудтай, үүнийг дагасан олон эерэг зүйл бий. Манай аймгийн хувьд барилгын материалын үйлдвэр байгуулаад зэргэлдээх аймгуудаа хангаад явах ирээдүй, боломжтой. Шохойн чулуу, гөлтгөнө манай аймгаас гарч байна. Эдийн засгийн үзүүлэлтээр 65 хувь нь мал аж ахуйн салбар эзэлдэг. Дундговийн малын мах онцгой амт чанартай. Үүлдэрээ батлуулсан. Салхин эрчим хүч үйлдвэрлэх, хүрэн нүүрс олборлох, газ гаргаж экспортлох боломжтой. Эрх зүйн орчинг дэмжээд өгвөл хөдөөд хөгжил байна.
Хуулиас давсан журмыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан журамлаж эхэлсэн. Та үүнийг хэр боломжтой гэж үзэж байна вэ?
-УИХ-аас гаргасан санаачлагыг дэмжиж, манай аймгийн хувьд энгийн хог хаягдлыг боловсруулах тухай зөвшөөрлийг цуцалсан. Манай аймаг хууль давсан бүх журмыг татаж авч цуцална. Олон шат дамжлага бүхий цаас бүрдүүлдэг байдлыг цөөлнө. Иргэдийнхээ оролцоог нэмэхийн тулд миний бие 2024 оны арваннэгдүгээр сард ажлаа авснаас хойш “Дундговь аймгийн асуудал, шийдэл” гэж сошиал бүлэг байгуулж, шат шатны удирдлагуудыг оруулж, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг болсон. Мөн биечлэн уулздаг. Аймгаа хөгжүүлж, гар бие оролцохын төлөө иргэд ихээхэн санаачлагатай байна. Тиймээс Дундговь аймагтаа Хууль тогтоомж сурталчлах төв байгуулж өгөхийг шинэ парламентаасаа хүссэн.
Цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.