Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 12-аас 03 дугаар сарын 13-ны шилжих шөнө 02 цагийн орчим “Булган аймаг Рашаант сумын 1-р багийн нутагт байрлах Хаан буузнаас Өвөрхангай аймаг чиглэлд гурван км орчим зайд автомашинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Урьдчилсан байдлаар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б болон Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т нар Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн улсын чанартай А0301 автозамын 270 дахь км авто замд мөргөлджээ.
Зам тээврийн ослын улмаас нэг жолооч, гурван зорчигчийн амь нас хохирч, хоёр тээврийн хэрэгсэл шатсан харамсалтай нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг Булган аймгийн цагдаагийн газар явуулж байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тээврийн хэрэгслийн байрлан явах зохицуулалтыг тусгасан байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.