СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-12

Намаа хариуцаж буй “намуухан” генсекүүд

Нийтэлсэн
11 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
11 цагийн өмнө

УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа гурван нам засагт хамтарсан. Энэ Засгийн газрын гурван том дарга нь гурван намын дарга байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, АН-ын дарга Лу.Гантөмөр Тэргүүн Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд Шадар сайдаар ажиллаж байна. Засгийн ажил их, завгүй ажиллах ёстой болно.

Тэгэхээр намынх нь ажил генескийн нуруун дээр бууж таарна. Генсек гэснээс, УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа намууд, тэнд дундаа МАН, АН хоёр ихээхэн ижилхэн генсек сонгож тавьжээ.

МАН-ын генсекээр Я.Содбаатар, АН-ын генсекээр Н.Ганибал сонгогдсон.

МАН-ын генсек Я.Содбаатар физикч-инженер мэргэжилтэй.1997-1999 онд БШУСЯ-ны ШУА-ийн харьяа Дулааны техник үйлдвэр, экологийн хүрээлэнд ЭША, 1999-2005 ондп МАСЗХ-ны Нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, 2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд, 2009-2010 онд МХЕГ-ын дарга, 2010-2012 онд МАН-ын Нарийн бичгийн дарга, 2012-2016, 2016-2020 онд УИХ-ын гишүүн, 2018-2019 онд Зам тээврийн сайд, 2020-2021 онд Шадар сайд, 2021-2024 онд ЕТГ-ын дарга, 2024 оны долдугаар сараас МАН-ын генсекээр ажиллаж байна. 

АН-ын генсек Н.Ганибал нь хэрэглээний математикч мэргэжилтэй. 2000-2002 онд ШУТИС-ийн Сүхбаатар аймаг дахь Технологийн сургууль, математикийн багш, компьютерийн ухааны секторын эрхлэгч, 2009-2012 онд Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөх, 2012-2015 онд ХХААЯ-ны МААБХЗГ-ын дарга, 2016.02-2016.09 онд ЗТХЯ-ны ТЗУХЭЗГ-ын дарга, 2016-2019 онд АН-ын ХЭГ-ын дэд дарга, Намын байгуулалтын газрын дарга, 2020-2024 онд УИХ-ын гишүүн, 2024 оны сонгуулийн дараа АН-ын генсек болсон.

Ийм намтар түүхтэй хоёр генсек байгаа юм.

Тэднийг магтах нь “...Намуухан, даруухан генсек”, муулах нь “...Сул юм” гэцгээж байна.

Үнэхээр ч урьд өмнө энэ хоёр намын асуудал чухам л засаг төрийн хэмжээнд яригддаг байв. Эдгээр намуудын байр саваар болсон хэрэг явдал, генсекүүдийнх нь амнаас гарсан үг Монголын улс төрийн чухал үйл явдалд тооцогддог байлаа. Өмнөх генсекүүд өөрсдөө ч юм юманд хутгалдаж орооцолдсон дуулианы эзэд байлаа.

Харин одоо намууд нь засагт нийлчихсэн болохоор эр баригч, сөрөг хүчин гээд сөргөлдөөд байх нь бага, тэр хэрээр генсекийн үүрэг хариуцлага хөнгөндүү байгаа бололтой юм. Гэхдээ намын гишүүдээ ажил албатай болгох, адаглаад л намынхаа санхүүг авлигын бус мөнгөөр шийдэх гээд ажил ихтэй нь ойлгомжтой.

Түүнээс гадна, энэ жил эдгээр намын Их хурал болох ёстой. УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээс эхлээд томоохон шийдлүүдийг гаргах ээлжит Их хурлууд нь болно.

МАН-ын Үндсэн дүрмийн 16.1-т “…МАН-д удирдах дээд байгууллага нь Намын Их Хурал, төлөөллийн төв байгууллага нь МАН-ын Бага хурал байна, 17.1-т “…Ээлжит Их хурлыг дөрвөн жилд нэгээс хоёр удаа хуралдуулна”, 17.2-т “…Намын ээлжит Их хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг хуралдах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө гарган”, 17.3-т “…Намын Их хурал хуралдах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага хурал тогтооно”, 17.4-т “…Намын Их хурал намын бодлогын ямар ч асуудлыг хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ”, 17.4.1-т “…намын үндсэн дүрэм, МАН-ын хөтөлбөр, Хяналтын Ерөнхий Хорооны дүрмийг батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах”, 17.4.2-т “…Намын Бага хурал, Хяналтын Ерөнхий Хорооны бүрэлдэхүүнийг сонгох, тэдгээрийн тайланг хэлэлцэх”, 17.4.3-т “…МАН-ын даргыг сонгох, намын нэрийг өөрчлөх, намыг өөрчлөн байгуулах” гэж заасан.

Мөн АН-ын Үндсэн дүрмийн 5.12.1-т “…Намын эрх барих дээд байгууллага нь АН-ын Их хурал мөн”, 5.12.2-т “…Их хурлын ээлжит хуралдаан дөрвөн жилд хоёроос доошгүй удаа хуралдана. УИХ-ын сонгуулийн дүн эцэслэн гарснаас хойш 60 хоногийн дотор Үндэсний бодлогын хороо хуралдаж Үндсэн дүрэмд өөрөөр заагаагүй бол намын Их хурлын ээлжит хуралдааныг 90-ээс дээш хоногт товлон хуралдуулахаар зарлана. Их хурлын ээлжит бус хуралдааныг Үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн ердийн олонх /50-аас дээш хувь/-ийн саналаар эсвэл Намын Дарга зарлан хуралдуулна” хэмээжээ.

Я.Содбаатар, Н.Ганибал хоёр өдийд энэ том хурлын бэлтгэлийг базааж байх учиртай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Б.БАЯР

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.