СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-08

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 хоногийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан монголынхоо нийт эмэгтэйчүүддээ хандан Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг дэвшүүллээ. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: 

Монголын үзэсгэлэн саран гоо ээжүүд, эмэгтэйчүүд, охидууд та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Манай ард түмний хэлж заншсанаар Мартын найман буюу Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр бол хүн бүрийн хүсэн хүлээсэн, сэтгэл хөдөлгөсөн, хуульчлан тунхагласан, бүх нийтийн тэмдэглэлт баяр билээ. Энэ сайхан өдөр эхчүүд, ээжүүдээрээ бахархан баярлахын зэрэгцээ тэднийхээ хичээл зүтгэл, ажил хөдөлмөр, нийгэмд гүйцэтгэдэг үүрэг оролцоо, эзэлдэг байр суурь, хувь нэмрийг онцлон тэмдэглэдэг. 

1977 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей гишүүн орнууддаа хандан эмэгтэйчүүдийн эрхийн төлөө энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байхыг уриалжээ. 2025 оны 03 дугаар сарын 8-ны өдрийг энэ удаа НҮБ-аас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр "Бүх охид эмэгтэйчүүдэд эрх, эрх тэгш байдал, эрх мэдэл” уриатайгаар тэмдэглэж байна.  

Эмэгтэйчүүдийг нийгэм, улс төрийн амьдралд өргөнөөр идэвхтэй оролцуулах, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд дэлхий даяар эмэгтэйчүүдийн төлөөлөл өсөн нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд 9 дэх удаагийн парламентад анх удаа 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний 25.4 хувийг эзэлж, Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлж, дэлхийн дунджид ойртлоо. Манай сонгогч, сонгогдогч эмэгтэйчүүдийн хувьд энэ бол ололт, дэвшил мөн.

Монголын эмэгтэйчүүд аливаа хүндрэл, сорилтыг даван туулж, гэр бүл, нийгмийн амьдралд амаргүй ачаа үүрч, өндөр үүрэг гүйцэтгэж байгааг судалгааны дүнгээс харж болно. Боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэх, ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, спорт биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд манай ажилсаг, оюунлаг эмэгтэйчүүд тооны хувьд ч, гаргаж байгаа хүчин чармайлт, ололт амжилтын хувьд ч түүхийн хуудаснаа бичигдэж, түмэндээ дурсагдах гавьяа байгуулж байгааг онцлон дурдахад нэн таатай байна.  

Эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлийн асуудал манай нийгмийн цөм асуудал бөгөөд цаашдаа ч УИХ-ын анхаарлын төвд байх болно. Тиймээс ч эмэгтэйчүүдэд тулгамдсан олон талт асуудлыг анхаарч төрийн бодлогод тусган хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийг хурдасгах, ирээдүйг цогцлооход ихээхэн чухал юм.

Орчлонгийн сайхан ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхний өргөө гэр тань тэгш дүүрэн, инээд баяслаар цалгиж, үр хүүхдүүд нь аз жаргалтай, өнөр бүлээрээ амгалан тайван, энх тунх, үе удмаараа жаргаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Сайхан эх оронд минь ээжийн бүүвэйн дуу үргэлж эгшиглэж, элбэрэлт сайхан ээжүүд эмэгтэйчүүд минь аз жаргал, амар амгалангаар бялхаж байх болтугай!

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

2025.03.08

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.