СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Барилгын компани Сэлбэ голын голдиролыг өөрчилж авто зогсоол болгожээ

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 хоногийн өмнө

Цаг агаар дулаарч, урин хавар айлчлан ирлээ. Дулаарах сайхан ч хөлдөж гэссэн халиа тошин, хаврын шар усны үертэй зэрэгцэн олон айл өрх, хүмүүст “зовлон” болон ирдэг. Энэ бүхнээс урьдчилан сэргийлж ажилладаг гол байгууллагын нэг бол Геодези, усны барилга байгууламжийн газар.

Тэд өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн өдөр бүр халиа тошин дээр ажиллаж, шар усны үерээс сэргийлж, айл өрхийг усанд автуулахгүйг хичээн ажилласан. Гэтэл зарим байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцлагагүй үйлдэл тэдний олон сарын хөдөлмөр, зүтгэлийг үгүй хийхэд ойрхон байна.

Нэгэн жишээ бол Баянзүрх дүүргийн 2 болон 29 дүгээр хорооны айл өрх рүү халиа тошин хальж орох эрсдэл өнөөдөр үүссэн байна. 100 айлаас эхэлдэг Сэлбэ гол дагуух энэ байршилд ойролцоох барилгын компани орон сууцны авто зогсоол барих зорилгоор Сэлбэ голын голдиролыг өөрчилсөн байна. Халиа тошинг халиахгүй, шар усны үерээс сэргийлэхэд голын голдиролыг зөв чиглүүлэхийн тулд шороогоор, цас, мөсөөр, чулуу, цементээр далан барьдаг шүү дээ. Гэтэл тэр барьсан даланг нь нурааж, тэгшлээд автомашины зогсоол болгочихож. Бас Сэлбэ голын голдиролыг өөрчилж, нарийсгасан. Үүнээс болж халиа тошин их хэмжээгээр нэмэгдэж, халихын даваанд Геодези, усны барилга байгууламжийн газраас очиж сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Тухайн барилгын эздээс асуухад “Тэр асгасан шороогоо буцаагаад ав, ав” гэж хэнэггүйхэн хэлээд зогсоно. Ийм асуудалд холбогдох хяналт шалгалтын газруудаас арга хэмжээ авч, хүний хийсэн ажлыг сүйрүүлдэг энэ мэт үйлдлийг газар дээр нь яаралтай таслан зогсоовол таарна. 2023 оны долоодугаар сард болсон Сэлбийн үерийн хохирол, гамшгийг санасан ч гэсэн байгалийн үер усны гамшгаас урьдчилан сэргийлэхэд байнгын ажиллагаа чухал. Ингэж хорлон сүйтгэх бүү хэл ганц удаагийн сэрэмж алдахад л олон айл өрхийн гэр орон, амьдрал ахуй, амь нас ч яригдах чухал бөгөөд эмзэг асуудал.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.