ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.
ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:
-Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний найман тохиолдол лабораториор батлагдсан. Эдгээр найман тохиолдлыг насны ангиллаар авч үзвэл 5 сартайгаас 38 насны хүмүүс халдвараар өвчилж, батлагдсан. Эдгээр тохиолдлуудыг тандалт, судалгаагаар авч үзэхэд вакцинд хамрагдаагүй хүмүүс дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Эдгээр хүүхдүүдээс нэг нь уушгины хатгаа, суулгалтаар хүндэрч эрчим эмчилгээний тасагт шилжсэн. Одоогоор биеийн байдал нь сайжирсан байна.
Иймд улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцины бүрэн тундаа хамрагдах шаардлагатай байна. Мөн улаанбурхан өвчний тархалтад бага насныхан өртөх эрсдэл өндөр байгаа тул эмнэлэг болон олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг зөвлөе.
Дархлаажуулалтын тухайд 21 аймаг, есөн дүүрэгт 600 гаруй нэгж ажиллаж байгаа. Тиймээс товлолт хугацаандаа вакциндаа хамрагдаагүй тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төв болон бусад нэгжүүдэд хандаж вакциндаа хамрагдахыг уриалж байна.
ХӨСҮТ-ийн Яаралтай хүлээн авах тасгийн эмч Б.Батсүх:
-Улаанбурхан өвчин бол өндөр халууралт, арьсаар толбон гүвдрүүт тууралт гарах, амьсгалын замын үрэвслийн шинжээр илэрдэг халдварт өвчин. Энэ өвчний сэжигтэй тохиолдлын үед илрэх эхний шинж тэмдэг бол өндөр халуурах юм. Үүний дараагаар арьсаар толбот гүвдрүү тууралт гардаг. Мөн үүн дээр нэмээд ханиалгах, нүд нуухтах, хоолой өвдөх шинж тэмдэг илэрдэг. Иймд эдгээр шинж тэмдэг илэрсэн бол ХӨСҮТ-д хандаж хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.