УИХ-ын гишүүн Б.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан нар өчигдөр чуулганы танхимын үүдэнд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан суулт зарласан. Уг нь тэд эхэндээ тавуулаа байсныг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр харуулсан. Зураг нь ч олон нийтэд ил болсон.
Тав дахь “Гүндалай” нь УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан байсан. Тэр уг нь тав дахь гишүүн болж суусан боловч, утсаар ярингуутаа гэнэт босоод явчихсан.
Ингээд дөрвүүл болсон ч үлдсэн нь хэвлэлийн хурал хийснийхээ дараа тэр чигээрээ УИХ-ын даргатай уулзахаар өрөө рүү нь явсан.
Б.Энх-Амгалан яагаад босож явав? Түүн рүү хэн ярьсан бэ?
Учрыг сонсвоос удахгүй онгойх нь тодорхой болоод байгаа Зам тээвэр, хөгжлийн сайдын суудалд Б.Энх-Амгалан горилж байгаа аж. Үүнийг нь “дарга” нь түүнд утсаар сануулсан бололтой. Иймд тэрээр годхийн босоод явжээ.
Энэ нь түүний өөрийн бодолгүй, туйлбаргүйг харуулж байна гэж ярих хүн байна. “Гүндалай” нарт орой нь толгойгоо угаалгаж, өглөө шоудна гэж шийдсэн. Тэдний үйлдлийг дэмжвэл нийгэмд илүү гоё харагдана гэж тооцсон. Гэвч сайд болох гэж зүтгэж байгаагаа марттал шоудах гэж байсан учир “даргынхаа” үгэнд ороод гэнэт больчихжээ.
Ийм хүн сайд болж, салбар удирдаж чадах уу? ЗТХЯ-ны сайдыг мэддэг Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг хэрхэн таалж байна вэ?