СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-01

“Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин могой жилийн Төрийн золголт ёслол төгөлдөр боллоо

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 цагийн өмнө

Монгол Төрийн золголт XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний (2025.03.01) өглөө ёслол төгөлдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийлээ. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар амар мэндийг эрэн золгож, хөөрөг зөрүүлэн ёсолж, ашдын сайхан ерөөл билгийг хэлэлцэн, идээ ундааг дээжлэн шинэллээ.

Төрийн золголтод уламжлал ёсоор төрийн хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлж, гэрийн жавар үргээн, гарч буй өлзий буянт, өгөөмөр сайхан жилд төр улс төвшин, түмэн олон амгалан жаргалантай байхыг бэлгэдэн ерөөдөг. Энэхүү сайхан уламжлалыг ерөөлч, магтаалч, морин хуурч, Соёлын тэргүүний ажилтан Ц.Соёл-Эрдэнэ гүйцэтгэж, төрийн хан хуурыг цэнгүүлэв.

Шинийн нэгний билэгт сайхан энэ өдөр Төрийн золголтод Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, лхаарамба Д.Жавзандорж морилон ирж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий Сайд нарт бараалхан золгож, сар шинийн мэндийг айлтгалаа.

Урган төлжиж, ундран дүүрэхийн бэлгэдэлтэй Цагаан сарын баяраар Монгол төрийн тэргүүн болон Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар нутаг нутгийн төлөөлөл болсон ахмад настнуудыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд урин золгож, хүндэтгэн мэндчилдэг уламжлалтай. Энэ жил Хэнтий аймгийн өндөр настан, 101 настай Донойн Гомбо, Өвөрхангай аймгийн уугуул, 91 настай Дашын Лхагва, Говь-Алтай аймгийн уугуул, 90 настай Тавхайн Баатар, 86 настай Долгорын Даваанамжил, Завхан аймгийн уугуул, 88 настай Очирын Рагчаа, 83 настай Бэгзийн Очирбат, Сүхбаатар аймгийн уугуул, 87 настай Цэрэндашийн Өлзийбаяр, Дорнод аймгийн уугуул, 84 настай Дугарын Рэнчинханд, Увс аймгийн уугуул, 82 настай Чилхаажавын Авдай нарыг хүндэтгэн урьж, тохой өргөн золголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.