2023 оны байдлаар манай улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1,6 дахин их цагийг хөлстэй хөдөлмөр эрхлэхэд зарцуулдаг бол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2 дахин их цагийг хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ.
Эмэгтэйчүүд цалин хөлсгүй асрахуйн ажилд их цаг зарцуулж байгаагаас шалтгаалж эдийн засгийн боломжоос тэгш хүртэж чадахгүй байгаа юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан “Монгол Улсын Асрахуйн эдийн засагт хөрөнгө оруулах нь” хэлэлцүүлгийн үеэр бодлого боловсруулагчид, хувийн хэвшлийн төлөөлөл, хөгжлийн түншүүд асрахуйн үйлчилгээний тогтвортой санхүүжилтийг хэрхэн хангах, эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр, асрах ажлын ачааллыг бууруулах арга замын талаар санал солилцжээ.
Асрахуйн эдийн засаг нь ядуурлыг бууруулах, нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлыг арилгах, зохистой хөдөлмөрийг бүтээх тогтвортой, бүтээмжтэй өсөлттэй шууд холбоотой бодлогын асуудал.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, асрахуйн ажил эрхэлж буй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилготой бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тухайлбал:
Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлж улсын хэмжээнд 120 төвд 315 хүүхэд асрагч ажиллан нийт 1599 хүүхэд хамрагджээ.
Засгийн газраас 2025 онд хавсарсан, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эх, асран хамгаалагчид олгож байгаа асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлж сард 445,000 төгрөг болгосон. Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг 30 хувиар нэмлээ.
Боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг хөгжүүлэх дэмжих төвийг байгуулан 1000 орчим хүүхдийг хамруулахаар болж 8,9 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж, төвийн ажиллах дүрмийг батлаад байна.
Асаргааны хувилбарт үйлчилгээний нэг төрөл гэрийн үйлчилгээг нэвтрүүлэхээр Ахмад настны тухай хуульд тусгасан. Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг 8, хувийн хэвшлийн 4 асрамжийн газарт улсын хэмжээнд нийт 507 асруулагч асруулж байна. Цаашид эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар асаргааны үйлчилгээг мэргэжлийн байгууллагууд хүргэдэг болох талаас илүү судалж байна.
Монгол Улсад Асрахуйн эдийн засагтай холбоотой гарч буй ахиц эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрийг буруулах арга хэмжээ авах, төр, хувийн хэвшлийн уялдааг хангасан хамтын ажиллагаа бий болгоход анхаарна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.