СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-02-27

Монгол-Британийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна

Нийтэлсэн
14 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
14 цагийн өмнө

Монгол-Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалт 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо боллоо. Уулзалтыг Монголын талаас Шадар сайд С.Амарсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын талаас Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд Кэтрин Уэст тэргүүллээ.

Монгол, Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалтын хүрээнд Монгол, Британийн хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглалын хүрээн дэх хоёр улсын улс төрийн яриа хэлэлцээг зохион байгуулав.

Эдийн засгийн өсөлтийн чиглэлээр:

Сайд нар Монгол, Британийн эдийн засгийн хамтын өсөлтийг хангах хүрээнд хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаа нотлов. Талууд Улаанбаатар хотод метроны систем байгуулахад дэмжлэг үзүүлэх боломжийг Британийн Экспортын санхүүжилтийн агентлагтай үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. Мөн худалдаанд учирч буй саад тотгор, процессыг хөнгөвчлөх замаар хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх болон тогтвортой, ил тод бизнесийн орчныг бий болгох асуудлаар санал солилцов.

Эрчим хүчний шилжилтийн чиглэлээр:

Талууд хоёр улсын уур амьсгалын стратегийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд төсвийн санхүүжилтийг хөшүүрэг болгох чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхийн чухлыг онцлов. 

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцод нэгдэн орсон талуудын 17  дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд зохион байгуулахаар болсонд баяртай байгаагаа талууд илэрхийлж, тус хурлын бэлтгэл ажил, хурлаас гарах үр дүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжилтнүүдийн харилцан солилцоог зохион байгуулахаар тохиров.

Эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр:

Монгол-Британийн дугуй ширээний 15 дугаар уулзалтын хүрээнд талууд Эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.  Түүнчлэн хоёр улс хүйсийн эрх тэгш байдлыг хангах, Парламент дахь эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэхийн төлөө онцгой анхаарна гэдгээ санал нэгтэй  илэрхийллээ. Энэтхэг-Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Кэтрин Уэст Монгол Улсад 2024 онд болсон сонгуулиар эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдсэнийг онцолж, Монгол Улс 2028 оноос эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 40 хувьд хүргэхээр болсныг өндрөөр үнэлэв. Мөн Шадар сайд С.Амарсайхан 2024 онд Британид болсон парламентын сонгуулийн дүнгээр эмэгтэйчүүдийн төлөөлөл хамгийн өндөр түвшинд хүрснийг сайшаав.  Талууд “Бээжингийн тунхаглал болон үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 30 жилийн ойг угтан олон талт механизмын хүрээнд хамтран ажиллахаар тохирлоо.

Нэн чухал эрдэс баялгийн чиглэлээр:

Сайд нар Монгол Улсын эрдэс баялгийг байгалийн өвөрмөц тогтоц, өвийг хөндөхгүйгээр олборлох нь чухал гэдэгтэй санал нэгдэв. Мөн хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, байгаль орчин, нийгмийн хариуцлага болон засаглалын өндөр стандартыг нэвтрүүлэх, Монгол хүний ур чадварыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулахын ач холбогдлын талаар ярилцлаа.

Энэ чиглэлээр нэн чухал эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа талууд илэрхийлэв.

Боловсрол, иргэний нийгэм болон иргэд хоорондын харилцааны чиглэлээр:

Сайд нар Монгол, Британийн иргэд хоорондын харилцаа бэхжиж, ялангуяа Чевенинг тэтгэлэгт хөтөлбөр болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутан солилцоо идэвхтэй өргөжиж байгааг тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол Улс дахь англи хэлний сургалтыг британийн тал үргэлжлүүлэн дэмжихийг илэрхийлж, Британи компаниудтай өрнүүлж буй түншлэлд суурилан англи хэлний сургалтад хамрагдах бололцоог нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллахаар талууд тохирлоо.

Сайд нар Монгол залуусын Чевенинг тэтгэлгээр суралцах, дээд боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх болон их сургуулиудын түншлэлийг өргөжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болов.

Талууд хоёр улсын соёлын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг сайшааж, “Монголын ертөнцийн урлаг” үзэсгэлэнг Эзэн хааны урлагийн академид 2027 онд толилуулахаар болсонд баяртай байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Энэтхэг-Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Кэтрин Уэст нар цаашид Монгол, Британийн хооронд дээд түвшний айлчлал хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

Монгол, Британийн бизнес уулзалтад хоёр улсын 70 гаруй төлөөлөл оролцлоо

Монгол-Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалтын хүрээнд “Британийн туршлагыг Монголд нэвтрүүлэх боломжууд” сэдэвт бизнес уулзалт боллоо. Бизнес уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтууд, түүнд тусгагдсан хөрөнгө оруулалт, худалдаа, бизнесийн орчныг сайжруулах төрийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн талаар болон Бүсчилсэн хөгжлийн бодлогын тухай танилцууллаа.

Монгол-Британийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсад хийсэн ажлын айлчлалынхаа хүрээнд Британийн худалдаа үйлчилгээ, жижиг бизнес, экспортын сайд Гарет Томастай хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр улсын харилцааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ажил хэрэгч, үр дүнтэй яриа өрнүүлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.