УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн О.Номинчимэг нар Монгол Улсын Их Хурлыг төлөөлж 2025 оны хоёрдугаар сарын 20-21-ний өдөр Вена хотноо болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 24 дэх Өвлийн хуралдаанд оролцов.
Ассамблейн хуралдаанд ЕАБХАБ-ын гишүүн 57 улсын 240 гаруй парламентч оролцож, бүс нутагт тулгамдаж буй улс төр, аюулгүй байдлын сорилт бэрхшээл, тэр дундаа цөмийн аюулгүй байдал, кибер аюул занал, хиймэл оюун ухаан, мөн Украины асуудлыг хэлэлцэв. Түүнчлэн бүс нутагт үүсээд буй үл итгэлцлийг арилгах, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг дэмжих, үүнд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн гүйцэтгэх үүрэг зэрэг асуудлаар санал солилцжээ.
Монгол Улсын парламентын төлөөлөгчид Улс төр, аюулгүй байдлын Ерөнхий хорооны хуралдааны үеэр Цөмийн аюулгүй байдлын асуудлаарх тусгай хэлэлцүүлэгт оролцож, хүйтэн дайны дараа цөмийн зэвсгийн асуудал тулгамдсан шинж чанараа алдсан байх үед ч Монгол Улс энэ асуудлыг чухалчилж, өөрийн газар нутгаа цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласныг дурдаад, энэ санаачилгыг үргэлжлүүлэн Казахстан, Тайланд Улс дэмжсэн болохыг тэмдэглэв.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Монгол Улсын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Д.Цогтбаатар Терроризмтой тэмцэх Тусгай хороо, Торгоны замыг дэмжих бүлгийн хуралдаанд оролцож, үг хэлэв. Түүнчлэн УИХ-ын төлөөлөгчид ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Пиа Кауматай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.