Сонгинохайрхан дүүрэгт гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг ашиглах төслийн гэрээнд гарын үсэг зуржээ.
Япон Улсын Засгийн газраас “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” төслийг манай улсад хэрэгжүүлдэг. Дээрх төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг ашиглах төслийг хэрэгжүүлэхээр болж Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нар өнөөдөр гэрээнд гарын үсэг зурав.
Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгонд гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг нийлүүлнэ. Жаргалант тосгонд ирэх 2026 онд гал түймэр унтраах, аврах анги байгуулахаар төлөвлөж буй. Тус хорооны өрхийн эрүүл мэндийн төв түргэн тусламжийн хоёр автомашинтай ч нэг нь зориулалтын бус аж.
Дээрх төслийг Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлснээр Жаргалант тосгонд гал түймэр, ослын үед гал унтраах, хүний амь насыг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирна.
Нэмэлт мэдээллийг хүргэхэд Япон Улсын Засгийн газар нь “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” төслийг Монгол Улсад 1990 оноос хойш 35 жил хэрэгжүүлж буй бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжих 15 дахь төсөл нь болж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.