Монгол-Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалт 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо болно. Уулзалтыг Монголын талаас Шадар сайд С.Амарсайхан, Британийн талаас Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд Кэтрин Уэст нар тэргүүлнэ.
Энэ удаагийн Дугуй ширээний уулзалтын үеэр талууд Монгол улс, ИБУИНХУ-ын харилцаа, цаашдын хамтын ажиллагаа болон томоохон бүтээн байгуулалтад хэрхэн хамтран ажиллах зэрэг өргөн хүрээнд, олон талын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн хоёр улсын хооронд байгуулахаар хэлэлцэж буй “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг эцэслэн байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Шадар сайд С.Амарсайхан айлчлалын хүрээнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Шадар сайд Анжела Райнер болон Бизнес, худалдааны яамны Үйлчилгээ, жижиг бизнес, экспорт хариуцсан сайд Гарет Томас нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Манай улс Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоож байсан. Хоёр улс 62 жилийн турш худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын асуудал зэрэг бүхий л салбарт хамтран ажиллаж, хоёр улсын найрамдалт харилцаа өргөжин тэлж иржээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаны хүмүүс багтаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.