СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-02-25

🔴LIVE: Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлсэнээр төрийн иргэдэд үзүүлэх үйлчилгээ сайжрах ёстой

Нийтэлсэн
17 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
17 цагийн өмнө

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас “Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь” хэлэлцүүлгийг өнөөдөр Улаанбаатар зочид буудлын Их танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Засгийн газрын яам, агентлагууд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, олон улсын болон дотоодын судалгаа шинжилгээний байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн 130 гаруй байгууллагын эрдэмтэн судлаачид оролцов. Хэлэлцүүлгээр баримт бичгийн төсөлд тусгах санал, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудал, санал, шүүмж, дүгнэлт танилцуулах, эрсдэлийн удирдлагын сайн туршлага, хүндрэл бэрхшээл, хэрэгжүүлэх арга замыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Д.Одбаяр хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Дээрх сэдвийн хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгаа, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа, СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор, доктор Б.Мөнхзаяа нартай ярилцлаа.  

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Д.Одбаяр:

-Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн бодлого, хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг тусган хэрэгжүүлж байна.

Тухайлбал, эрчим хүчний салбарын шинэчлэлийг эхлүүлэх, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил зэрэг 14 мега төслийг хэрэгжүүлж, хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар, засаглалын үзүүлэлтийн дунджийг 10 байраар ахиулах, ядуурлын түвшнийг хоёр дахин бууруулж, 14 хувьд хүргэх, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган ам.долларт хүргэх зэрэг томоохон зорилтуудыг хангахад төрийн бодлого үйл ажиллагаа чиглэгдэж байна.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн эдгээр бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль ёсыг сахиулж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хяналт тавих хариуцлагатай үүргийг Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хариуцан ажиллаж байна.

Аливаа байгууллагын урт хугацаанд амжилттай ажиллах үндэс нь эрсдэлийг урьдчилан тооцоолж, үнэлэх, хариу арга хэмжээг оновчтой төлөвлөн хэрэгжүүлж, үйл ажиллагааныхаа тогтвортой байдлыг хангах явдал юм, төрийн байгууллагууд эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр засаглал сайжирч, бүтээмж нэмэгдэнэ.  Иймээс томоохон шийдвэр гаргалт, үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэн учрах эрсдэлийг илрүүлэн таньж, тэдгээрээс урьдчилан сэргийлэх стратегийг төлөвлөн хэрэгжүүлж хэвших нь нэн чухал байна.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх талаарх бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, эрсдэлийн засаглал, соёлыг төлөвшүүлж, тогтолцоог бэхжүүлэхийг тэргүүлэх чиглэл болгон идэвх санаачилга гаргасныг дэмжиж, хамтран ажиллаж байгаа 16 яам, агентлагууд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, олон улсын болон судалгаа шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл та бүхэнд талархал илэрхийлье гэв.

СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор, доктор Б.Мөнхзаяа:

-Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлдэг олон улсын сайн туршлагууд байна. Дэлхийн улс орнуудад 2000 оноос төрийн байгууллагууд нь  эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж эхлээд 2015 оноос ахисан түвшинд хүрсэн. 2024 оны арванхоёрдугаар сард төрийн байгууллагын эрсдэлийн удирдлага хэрхэн хэрэгжиж байгаа талаар яам, агентлаг, аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газраас судалгаа авсан. Цөөн хэдэн яаманд эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж байна. Бусдад нь эрсдэлийн удирдлагын тогтолцоо, дүрэм журам байдаггүй юм гэдэг нь харагдсан гэв.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.