“Мотив” хамтлагийн дуучин, “Жижгээ” хэмээх Б.Эрдэнэбаярыг бусдад мансууруулах бодис борлуулсан гэж прокурор, мөрдөгчийн зүгээс буруутган шүүхэд шилжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Өмнө нь нэг удаа тэдэнд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхдээ уг үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож байжээ.
Б.Эрдэнэбаярыг Б гэх залууд Баянгол дүүргийн нутаг, “Наранбулаг” зочид буудлын орчимд мансууруулах бодис худалдсан гэж яллагдагчаар тооцсон байдаг. Уг нь Б гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Би Эрдэнэбаяр ахаас нэг удаа мансууруулах бодис худалдан авч байсан. СУИС-ийн байранд байрладаг студид нь дуугаа бичүүлье гэж би түүнээс гуйсан юм. Б.Эрдэнэбаяр ах ч “Болно” гэсэн. Тэгээд надаас “100 000 төгрөг өгчих, хүнээс юм авах гэтэл мөнгө дутаад байна” гээд авсан. Уг мөнгөнийхөө оронд мансууруулах бодис өгөхөөр тохиролцсон. Ингээд 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нд Б.Эрдэнэбаяр ах залгаад бид “Наранбулаг” зочид буудлын орчимд уулзаж, “Лексус” загварын жийп дотор надад жижиг хэмжээтэй мансууруулах бодис өгснийг аваад салсан” хэмээн мэдүүлсэн юм. Тэгвэл шүүх өмнө нь 2023 оны дөрөвдүгээр сард эл хэргийг шийдвэрлэхдээ “Б.Эрдэнэбаярын Б гэх залууд хар тамхи худалдсан гэх үйлдлийг хэд хэдэн нөхцөл байдлаар дээрх үйл баримт тогтоогдоогүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Б.Эрдэнэбаярыг мансууруулах бодис худалдсан гэж яллаж байгаа бол түүнийг худалдан авсан этгээдийг яллагдагчаар татах үүрэг нь мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэгч мөрдөгч, прокурорт үүснэ. Гэтэл тэр хүн гэрчийн мэдүүлэг өгөөд өнгөрчээ. Үүнийг алагчлал буюу “дабл стандарт” гэдэг. Мансууруулах бодис авсан Б гэх иргэн түүнийгээ алга болгосон, одоо байхгүй гэдэг. Иймд Б.Эрдэнэбаярыг мансууруулах бодис худалдсан гэж яллаж буй бодис нь хэрэгт нотлох баримтаар бэхжүүлж аваагүй, шинжлүүлээгүй, нөхөн тогтоох боломжгүй тул энэ хэргийг нь нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ.
Үүнээс гадна Б.Эрдэнэбаярын холбогдсон мансууруулах бодис өөрөө хэрэглэх гэж олж авсан үйлдлийг ч хэрэгсэхгүй болгож байсан юм. Тодруулбал, Т.Билгүүнээс хар тамхи худалдаж авсан цаг хугацаа буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 16-17-нд шилжих шөнийн үйл явдал нь Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх хэсгийн “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэмт хэргийн үйлдлийн шинжид хамаарахгүй гэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа, С.Сэржмядаг, Ц.Урангуа нар дүгнэн, хэрэгсэхгүй болгож байв. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх хэсэгт 2020 оны нэгдүгээр сарын 10-нд нэмэлт оруулсан бөгөөд үүнээс өмнө мансууруулах бодис өөрөө хэрэглэхээр олж авсан үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэж байсан билээ.
“Мотив” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаярын хувьд мансууруулах бодистой холбоотой хэрэгт нэг бус удаа холбогдсон. 2019 оны арваннэгдүгээр сард нь бусдад хар тамхи худалдсан гэх хоёр үйлдэлдээ тэрбээр гэм буруутай, эсэхээ дэнслүүлж байгаа. Харин үүнээс өмнөх буюу 2018 оны тавдугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Эрдэнэбаярт хар тамхитай холбоотой хэрэгт нь хоёр жил хорих ял шийтгэж, давж заалдах шатны шүүх хорих ялыг нь нэг жил болгон багасгаж, 2018 оны арваннэгдүгээр сард хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан билээ. Түүнээс хойш дахин энэ төрлийн хэрэгт холбогдоод 2019 оны арванхоёрдугаар сард мөрдөн шалгах, шүүхийн шатнаас оргож байсныг зарим уншигч санаж буй нь лавтай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Заваан новшнуудийг насаар нь хориочээ