Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны харьяа Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо (ЭХГУУҮЭХ)-ны удирдлагуудыг яллагдагчаар татан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ЭХГУУҮЭХ-ны дарга асан, өдгөө Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж буй Х.Буянжаргал, түүний ажлыг авсан Д.Долгор тэргүүтэй 10 гаруй хүнийг яллагдагчаар татах тогтоол прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт баталж, АТГ-ын мөрдөгчид түүнийх нь дагуу холбогдогч нарт танилцуулсан аж.
Хэрэгт холбогдсон хүмүүс санхүүгийн анхан шатны баримтгүйгээр их хэмжээний мөнгө шамшигдуулсан, өөрсдөдөө давуу байдал олгосон хэрэгт шалгуулж буй гэнэ. Уг нь тэдэнд АТГ болон Эрүүгийн цагдаагийн албанаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд хоёр жил гаруй болсны эцэст НПГ-аас дээрх шийдвэрийг гаргасан байна.
ЭХГУУҮЭХ-ны гишүүд татвар хэмээн тодорхой хэмжээний мөнгө холбоондоо тушаадаг. Татварын уг мөнгөнөөс нь хүүгүй, хугацаагүй, тодорхой нөхцөлгүйгээр цалингийн зээл нэрийн доор хэрэгт холбогдсон 10 гаруй хүн авч ашиглаж, эрх мэдлээ урвуулсан гэх нөхцөл байдал бий болсныг шалгуулахаар зарим хүн хууль хяналтын байгууллагад хандсан аж. Үүний дагуу шалгаад, эдийн засгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулахад 263.9 сая гаруй төгрөг шамшигдуулсан байж болзошгүйг тодорхойлсон гэнэ. Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны эх сурвалжуудаас лавлахад “Тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын нэр дээр АТГ-аас нэр бүхий хүмүүсийг шалгаж байгаа хэрэгт хохирогчоор хүн томилуулах тухай албан бичиг ирүүлсэн. Хариу өгсөн, эсэхийг нь хэлж мэдэхгүй байна” гэв. Магадгүй Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд өдгөө тус холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Рагчаа болон ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал тэргүүтэй хүмүүс хэрэгт шалгуулж байгаа учраас ашиг сонирхлын зөрчил гаргаад хариуг нь өгөхгүй, хохирогчоор хэн нэгнийг томилоогүй байж ч болох. Уг нь Авлигын эсрэг хуулийн 6.6-д “АТГ-аас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон хуулийн эл заалтыг үл ойшоож буй бололтой.
ЭХГУУҮЭХ-ны татвар төлөгчдийн мөнгөнөөс Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Рагчаа хоёр сая, ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал 197 сая, Д.Долгор 14 сая гэх зэрэг байдлаар цалингийн зээл нэрээр санхүүгийн анхан шатны баримтгүйгээр авсан аж. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дахь “Үйлдвэрчин” хотхоноос Х.Буянжаргал, Д.Долгор нар 1-3 өрөө байр авсан атлаа “орон сууцгүй” хэмээн 2021 онд дэмжлэг авсан гэх зэрэг гомдол хууль сахиулах байгууллагад гишүүд нь гаргасны дагуу ийн шалгаж буй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ингэхэд ҮЭ цэвэр гишүүдийн татвараар санхүүждэг юм уу?эсвэл дээрээс нь улс мөнгө өгдөг үү.
МҮЭХолбоо хулгай хүүрлэсэн газар болсон
Энэ хулгөйч нарт татвар төлөөд гишүүн гээд явна. Ямар ч үүрэг байхгүй хариуцлага ч байхгүй. Дээр нь бүр татвар хурааж аваад идэж байдаг нвшнуудыг зайлуулах хэрэгтэй.