Тив дэлхийн дэвжээнээ эх орныхоо нэрийг мандуулж, спортод хайртай монгол түмнээ, огшоож, омогшоож бахархалыг төрүүлдэг, их хөдөлмөр, хичээл зүтгэлийн эзэд бол тамирчид. Тэдний ялалт, амжилт бүхэн асар их цаг хугацаа, хөдөлмөрийн үр шимээр бүтдэг учраас дэвжээн дээр, рингэн дээр тэр богинохон агшинд бие, сэтгэлээрээ асаж, дүрэлздэг гэдэг. Тиймээс ч спортод хайртай монгол түмэн тамирчин бүрийнхээ ялалт, ялагдлыг үл харгалзан хүндэлдэг бас хайрладаг юм.
Тиймээс “Зууны мэдээ сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ зочноор Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмааг онцоллоо.
Тамирчин хэмээх их хувь заяаны эзэн болж, тив дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг мандуулан, жүдо, самбо бөхийн нэгэн цаг үеийн түүхийг бичилцэж яваа тэрээр дэлхийн дэвжээнд олон удаа эх орныхоо нэрийг цуурайтуулсан.
Тамирчин болохоор их хотыг зорьсон бяцхан охин
Дасгалжуулагч С.Эрдэнэбат болон “Монгол охид” клубийнхэн.
Гавьяат маань Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул. Орхон голын эх, Эрхэт, Суварга хайрхан, Найман нуур зэрэг байгалийн үзэсгэлэн хосолсон сайхан нутгаас түүний хүүхэд насны дурсамж хөвөрнө. Гурван ах, нэг эмэгтэй дүүтэй. Бунд, Бундан гэж хоёр ихэр ахтай. Аав, ээж нь Хархорин сумандаа ажиллаж амьдарч гавьяаны амралтдаа гарчээ. Ах нартайгаа барилдаж ноцолдож өссөн нь түүний хүүхэд насны мартагдашгүй дурсамжуудын нэгээхэн нь.
Хөдөө өвөө, эмээ дээрээ очихын тулд “Хурдан зуны амралт болоосой” гэж хоног тоолон хүлээдэг хүүхэд байснаа М.Бундмаа гавьяат дурссан юм. Өвөө эмээ нь нутгийнхаа Сарын гол хавиар зусдаг байжээ. Ингээд морь унаад хонио хариулахаас эхлээд түүний эмээ, өвөөдөө туслах ажил эхэлдэг гэнэ. Эмээгээ “Босоорой” гэхэд нь нойрмог, хөл нүцгэн, үхрийнхээ хашаа руу гүйгээд очдог охин байжээ. Харин түүнд өгөө эрт босож тугал татах “ажил” тун чиг хэцүү санагддаг байсан гэдэг.
Бундмаа гавьяат 12 настайдаа тамирчин болох дэврүүн их мөрөөдөлдөө хөтлөгдөж нийслэл Улаанбаатар хотыг зорьжээ. “1996-1997 оны үед эмэгтэй хүүхдүүд самбо, жүдо бөхөөр эрчимтэй хичээллэж эхэлсэн гэж болно. 1997 онд манай улсад самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Одоо бодоход тухайн үед МҮОНРТ-ээр шууд дамжуулсан юм уу эсвэл мэдээгээр гарсан юм уу. Ямартай ч эмэгтэй хүүхдүүд барилдаад л. Их сонирхолтой санагдаж байсан. Аав, ээж хоёртоо эмэгтэй хүн барилдаж байна. Хар даа гээд л хэлж байсан санагддаг юм” хэмээн их спортод “дурласан” тэрхэн үеийг тодоос тод дүрслэн бидэнд ярьж байлаа.
Яах аргагүй М.Бундмаагийн “буцах тийз”-гүй амьдрал телевизээс эхтэй аж. Тэрээр “Намайг жүдо бөх сонирхоод байгаа болохоор хот руу явж бөхөөр хичээллэхийг гэрийнхэн маань зөвшөөрсөн. Бас тухайн үед хүргэн ах маань их дэмждэг байсан. Бундмааг хот руу явуулчих аа. Бөхөөр эмэгтэй хүүхдүүд хичээллэдэг клуб байна шалгуулаад үзье гэж хэлсэн. Ах маань намайг тамирчин болох мөрөөдөлд минь хөтөлсөн ачтай хүний нэг. Маш их баярлаж явдаг даа” гэж байлаа.
Ингээд л 12 настай охин тамирчин болохоор их хотод ирсэн нь энэ. Түүнийг хотод ирсэн даруй ах нь дагуулаад Спортын төв ордон руу явжээ. Ордон руу ороод хоёр давхарт гарахад хүүхдүүд бэлтгэлээ хийгээд их л сонирхолтой санагдаж байв. Тэр өдрөө л бэлтгэлдээ орж гавьяат дасгалжуулагч улсын начин С.Эрдэнэбат, Ч.Базарсүрэн багшийнхаа удирдлагад “Монгол охид” клубын тамирчин болсон ажээ.
Хүргэн ахынх хүмүүсийн хэлдэгээр “Хорооллын эцэст” амьдардаг. Тиймээс л гэрийнхээ ойролцоох 54-р сургуульд сурч, дунд сургуулиа дүүргэжээ. Өдөр хичээлээсээ тараад гэртээ очиж цайгаа уучхаад бэлтгэлдээ явдаг байв. Бэлтгэл нь 16:00 цагаас эхэлдэг ч 15:20 гэхэд л бэлтгэлдээ оччихдог байж.
Хэдэн жилийн дараа мөн жүдогийн ноён оргилуудын нэг Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа “Монгол охид” клубт элссэн байна. Маргахын аргагүй олон тамирчныг амжилтад хөтөлсөн дэвжээ бол “Монгол охид” клуб гэдгийг Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа онцолсон юм.
Бөхийн дугуйланд явж эхэлснээс хойш зургаан сарын дараа нийтлэлийн баатар маань анхныхаа тэмцээнд түрүүлжээ. Тэгвэл түүний олон улсын анхны тэмцээн нь Азийн өвлийн наадам байв. 14 настай охин БНХАУ-ын Харбин хот руу мордож анхны олон улсын тэмцээнээсээ хүрэл медальтай эх орондоо ирсэн гэдэг. Энэ тухайгаа “Нүд минь нээгдсэн үе байсан. Аав ээж, ойр дотныхон маань их баярласан” гэсэн. Энэ үеэс л түүний барилдаан улам тодорч, өсвөр, залуучуудын улсын аварга, төдийгүй олон улсын дэвжээнээс олон ч түрүүтэй буусныг бөхийн хорхойтнууд андахгүй ээ.
М.Бундмаа гавьяат 2002 онд анх 17 настайдаа жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд азийн олимп гэгдэх Азийн тоглолтод оролцох эрхээ авч байв. Ингээд олон улсын хоёр дахь том тэмцээн нь БНСУ-ын Бусан хотод болжээ. Түүнийг барилдааны өмнө дэвжээ рүү гарах гэж байхад н.Насантогтох багш нь “Бундмаа чи жаахан хүүхэдтэй таарчихсан байна. Ялах байх аа” гэжээ. Багшийгаа хэлэнгүүт өрсөлдөгчөө хартал өөрийнх үеийнх, ер нь нэг их хол зөрүүгүй ойролцоо үзэх байх гээд гарсан гэдэг. Тэрээр нэлээд үзэж байгаад хонгодуулаад унасныхаа дараа олимпын аваргатай барилдсан гэдгээ мэдсэн гэдэг.
Тэр үед багш маань “Бундмаа чи олимпын аваргатай таарчихсан байна” гэвэл барилдаанаа гаргаж чадахгүй байх магадлалтай. Хүний ажлын туршлага, хүнтэй харилцах, мэдрэх гэдэг ямар нарийн байдаг вэ гэдгийг багшаасаа тэр үед харсан даа” гэсэн юм. Багш нартаа баярлаж явдаг хэмээсэн юм
Мэдээж тамирчны амжилт олон хүний хөдөлмөр, ухааны үр шим байдаг. Тэрээр их спортод хөдөлсөн багш нарынхаа тухай “ 2006 онд 21 настайдаа шигшээ багт ороход Ч.Насантогтох, Х.Болдбаатар, П.Нямлхагва, Х.Эрдэнэт-Од багш нар маань байсан. Бүх багш нартаа баярлалаа. 2007 онд “Хүч спорт хороонд орсон. Одоо Дотоодын цэргийн 805 ангид харьяалагдаж ажилладаг” гэлээ.
Дэлхийн дэвжээнд тодорсон оргил цаг
М.Бундмаа гавьяатын барилдааны оргил үеийг 2010-2012 он гэвэл буруудахгүй биз.. Тэрээр гарсан дэвжээнээс ялалттай, оролцсон тэмцээнээсээ медальтай ирдэг байлаа. Түүнийг “медалиас мултрахгүй” гэдэгт бөхийн хорхойтнууд эргэлздэггүй байсан гэлцдэг.
Энэ үеийн сонирхолтой барилдааны нэг бол Grand Slam Moscow 2011. Зооны аварга дээр Оросын бөхийг босоо үүрээд цэвэр ялж тун ч сонирхолтой барилдаанаар спортын хорхойтнуудаа баярлуулсан юм.
Жин жингийн шилдгүүд өрсөлддөг, чансаа өндөртэй, оны эхний Парисын “Их дуулга”-аас алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин бол М.Бундмаа. Мөн түүний олон сонирхолтой, барилдааны нэг нь 2010 онд Японы Токио хотод болсон жүдо бөхийн ДАШТ-ий 52 кг-ын жинд Германы тамирчинг хутгах мэхээр ялж, дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн үе байв. Тэрээр энэ тухайгаа “2010 оноос нэг жинд хоёр тамирчин оролцох боломжтой болсон. Японд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг жинд хоёр япон тамирчин оролцож зоны аваргад өмнө 6 -7 барилдсан, нэг ч ялж үзээгүй бөхтэйгөө таарсан. Хэчнээн бэлтгэл сайн байсан ч гэсэн ялж чадаагүй ээ. Харин нөгөө зооноос гарсан японы бөхийг өмнө 1-2 ялсан байсан” гэлээ.
Харин М.Бундмаа гавьяатын оролцсон анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2005 онд Египетийн Каирт болж долдугаар байрт орсон юм. Дараа нь 2007 онд Бразилын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөн долдугаар байрт орж байв.
Дараа нь Голландад болсон 2009 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд финалдсан. Энэ талаараа “Алт, эсвэл мөнгөн медаль авах боломж байсан ч шүүгчийн талаас юм орсон гэж хардаг. Тэгээд уйлсан чигээрээ дэвжээн дээр гарч, торгуулийнхаа барилдаанд барилдаанаа гаргаж чадаагүй ээ” гэсэн юм.
Лондонгийн олимпын үеэр.
ДАШТ-ий дараа М.Бундмаа олон улсад жиндээ нэгдүгээрт эрэмбэлэгдэж Лондонгийн олимпоос медаль хүртэх тамирчны яах аргагүй нэгээр тодорч байлаа. Гэвч олимп болохоос 20 хэдэн хоногийн өмнө бэлтгэлийн үеэр өвдөгний чагтган холбоогоо тасалж олимпод оролцох боломжгүй болсон юм. Хэрэв бэртэл аваагүй бол олимпын дэвжээнд олон сонирхолтой барилдааныг үзүүлж, медалийн үзүүрээс атгах нь гарцаагүй байсан биз ээ.
Ийнхүү хөнгөн жинд эх орондоо төдийгүй олон улсад мандаж явсан тэрээр 2016 онд зодог тайлж, тамирчныхаа замналыг өндөрлүүлсэн юм. Түүний хоёр дахь спортын замнал нь дасгалжуулагчаар эхэлсэн.
“Г.Уранцэцэг маань сэтгэлзүйгээрээ барилддаг бөх”
Хонконгийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах санал тавьж тэрээр хоёр жил гаруй жил тэнд ажилласан байдаг. Энэ тухайгаа “Хонкогт дасгалжуулагчаар ажиллаж байх үед ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар холбогдоод “Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч солигдох гэж байна. Чи ирж ажиллах уу, ямар бодолтой байна” гэсэн. Тэр үед зориг, өөртөө итгэл дутаж очиж чадахгүйнээ багш аа” гэсэн. Тэгээд 1-2 хоногийн дараа бодол маань өөрчлөгдсөн. Холбооны нарийн бичгийн дарга Б.Батгэрэл бид хоёр хамт ажилладаг байсан. Тэгээд бид хоёр ярилцаад явсан дээр юм байна. Ямар ч байсан очоод ажиллаад үзье гэж шийдсэн.
2019 онд Үндэсний шигшээ багийнхаа дасгалжуулагчаар ирэхэд П.Сумъяа, Г.Уранцэцэг гээд эмэгтэй тамирчдын ноён оргилууд байсан даа. Нэгэн үед хамт бэлтгэл хийдэг байсан тамирчдынхаа өмнөөс хараад зогсох сонин л мэдрэмж байдаг юм байна лээ. Шинэ дасгалжуулагч учраас мундаг тамирчдаасаа эргээд л суралцана шүү дээ” гэсэн юм.
Түүний дасгалжуулагчаар ажилласан анхны том тэмцээн нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Энэ тухайгаа “Тэр үед хэзээ ч мэдэрч байгаагүй сандралт, айдастай байсан. Г.Уранцэцэг маань түрүүлнэ ээ багшаа гээд л. Харин надад түрүүлж чадахгүй бол яана гэсэн айдас байсан. Тэгээд хүрэл медаль хүртсэн.
2020 онд олимп болох байсан ч цар тахлаас болоод хойшилсон. 2021 оны Токиогийн олимпд орохдоо сарын өмнө дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр айдсаа давчихсан болохоор тайван байсан. Г. Уранцэцэг маань хүрэл медаль хүртэж, гоё мэдрэмж байсан. Г.Уранцэцэг шулуун, шударга зантай, дайчин, найрсаг. Тамирчны хувьд сэтгэлзүйтэй нь ярих зүйл байхгүй. Хэзээ ч өөрийгөө дутуу үнэлэх юм уу хэн нэгэнтэй харьцуулдаггүй. Сэтгэлзүйгээрээ барилддаг бөх” гэсэн юм.
“Б.Баасанхүүгээ олимп, дэлхийд барилдах болчихжээ гэж бодсон”
“Парис-2024” олимпын үеэр.
М.Бундмаа гавьяат Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаад зургаан жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэрээр олон ч тамирчинг амжилтанд хөтөлж яваа гавьяатай нэгэн. Өөрөө олимпын медаль авч чадаагүй ч түүний шавь нар нь медалийн тавцанд эх орныхоо далбааг мандуулж чадсан билээ.
Дасгалжуулагчийн хувьд дараагийн олимпдоо өнгөрсөн жил одтой сайхан оролцсон. “Парис-2024” олимпын наадамд түүний шавь Б.Баасанхүү олимпын мөнгөн медалийн тавцанд эх орныхоо далбааг мандуулж, монгол түмнээ огшоож, баярлуулсан билээ.
Мэдээж нэгэн цаг үед олон улсын тэмцээнд гялалзаж, тамирчин хүний ялагдал, ялалтын амтыг мэддэг түүнд шавь нь хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадмаас мөнгөн медаль хүртэхэд бахархам сайхан цаг хугацаа байсан нь гарцаагүй.
Тэрээр “Б.Баасанхүү бол хамгийн дотно шавь нарын маань нэг. 2024 оны гуравдугаар сард “Tashkent Grand Slam 2024” тэмцээний үеэр хүрэл медалийн төлөө барилдаад тавдугаар байрт ороход нь олимп, дэлхийд барилдах болчихжээ гэж бодсон. Тэнцүүхэн үздэг байсан бөхчүүдээ цэвэр саваад хожоод эхэлсэн. Хурд, хүч бүх зүйл нь сайжирсан нь мэдэгдсэн.
Манай улсын 48 кг-ийн жин дотоодтой өрсөлдөөнтэй. Г.Наранцэцэг маань гуравдугаар сар хүртэл хоёр тэмцээнд медаль авчихсан Б.Баасанхүүгээс илүү байсан. Тэгээд гуравдугаар сарын “Tashkent Grand Slam 2024” тэмцээний дараа манай ахлах багш тэр хоёрыг дуудаад “Та хоёр дэлхийн аварга хүртэл хэн сайн байгааг нь оруулна” гэсэн юм билээ. Багшийг тэгж хэлснээс хойш Б.Баасанхүү маань тасралтгүй дөрвөн тэмцээнд финалдсан. Би Б.Баасанхүүг дэлхийн аваргаас медаль бол авна. Гэхдээ хүрэл л байх гэж бодсон. Түүнээс биш түрүүлнэ гэж бодоогүй.
Б.Баасанхүү маань олимпд медаль авах магадлал 90 хувь байсан. Мэдээж алтан медаль авах том зорилготой очсон. Японы бөх дээр нэлээд судалгаа хийсэн. Ахлах, холбооны ерөнхийлөгч, дасгалжуулагчид гээд бүгд л оролцоотой ажилласан. Тэр хүнийг ялахын төлөө, монголын анхны эмэгтэй аварга төрүүлэхийн төлөө ажилласан. Мэдээж Б.Баасанхүүд маань боломж байгаа гэж хардаг. Саяхан Бааска маань ээж болсон. Бэлтгэлээ цаашид хэзээнээс эхлэхээр, хэрхэн талаар ярилцсан байгаа. Одоо 18-20 насны залуучуудтайгаа ажиллаж байна” гэлээ.
Мөн тэмцээний шавь нартаа хэр зөвлөдөг талаар асуухад “Эхэн үедээ бол тасралтгүй орилдог байсан. Ялагдчих вий дээ гээд гэж бодоод үйлдэл бүрийг нь хэлнэ. Сүүлийн хоёр жил бол ингэж болохгүй юм байна. Бэлтгэл дээр нь сайн хэлэх зөв юм байна гэдгийг ойлгосон. Яах аргагүй багш тамирчид тэмцээний үед харцаараа ойлголцдог л доо. Өөрийнхөө барилдааныг 100 хувь гаргах нь чухал. Энэ тамирчин ингэдэг дээ гэхээр хайрцаглагдчих гээд байх сул талтай. Нөгөө хүнийхээ мэх, барьцыг нь хорьсоор байгаад барилдаан дуусчихдаг тал бий” гэсэн юм.
Тэрээр өөрөө ид барилдаж байхдаа үеийнхэн, өөрөөрөө бахархдаг байлаа. Дүү нараа гараад ирэхээр тэднээрээ нараараа бахархана. Ялалтад нь баярлаад огшоод уйлна. Спорт бол хүний сэтгэлийг тэнийлгэж байдаг. Спорт ард түмнийг огшоодог, баярлуулдаг сайхан талтай. Эх орноосоо гараад Бундмаа биш Монгол Улсаараа овоглодог учраас тамирчин байх нэр хүндтэй сайхан санагддаг хэмээн мэргэжлийнхээ сайхныг онцолсон юм.
М.Бундмаа гавьяатын хань нь мөн тамирчин хүн. Холбооны нарийн бичгийн дарга Б.Батгэрэл. Тэд хамтдаа Хонконгын шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж ирээд гэр бүл болсон билээ.
Үнэхээр түүний амьдралаас спортыг ялгаж салгахын аргагүй том орон зай. Тив дэлхийн дэвжээнээ бахархсан, омогшсон, баяр гунигийн нулимстой зогссон бахархам түүхийг бүтээж чадсан тэрээр дасгалжуулагчийн хувьд ч цаашид олон олон олимп, дэлхийн аварга төрүүлэх нь гарцаагүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.