Электрон хөгжмийн Азийн хатан хаан, дэлхийн инфлүнсэр DJ SODA 2025 оны 03-р сарын 15 нд Аса Аренад монгол үзэгч фэнүүддээ шоу тоглолтоо хүргэх гэж байна. Түүний ярилцлагыг хүргэж байна.
-Та хэдийнээс хойш DJ хийж, загвар өмсөж эхэлсэн бэ? Цаашдаа таны зүгээс ямар шинэ зүйл хүлээж болох вэ?
-Үнэндээ би DJ хийх болон загварын ертөнцөд орсноос хойш нэлээд хугацаа өнгөрчээ. DJ-ээр ойролцоогоор 12 жил, загвар өмсөгчөөр 14 жил ажиллаж байна. Ер нь би өөрийгөө шинэ сорилтуудад үргэлж турших дуртай, энэ нь ч надад маш сонирхолтой байдаг. Өдөр бүр л хичээж ажиллаж байна.
-Таны хувьд хамгийн сайхан болон хамгийн сэтгэл дундуур болсон тоглолт юу байсан бэ?
-Тоглолтын хамгийн гайхалтай зүйл нь үзэгчид миний дуулсан дууг даган дуулж, хөгжмийг сэтгэлээрээ мэдэрч байгаа нь гоё санагддаг. Нэг тоглолт дээр фэн охид маань яг миний бүжгийн хэв маягаар хамт бүжиглэсэн тэр тоглолтыг би мартдаггүй, надад маш гайхалтай мэдрэмж төрүүлсэн. Харин хамгийн таагүй нэг жишээ гэвэл согтуу хүн тайзан дээр гарч ирээд тоглолтыг минь үймүүлэхийг хүссэн явдал байв. Түүнээс гадна би тайзан дээр тоглож байхдаа хэн нэгний шидсэн чулуунд оногдож, нүүрэндээ гэмтэл авч байсан.
-Хэрвээ та сонголт хийх шаардлагатай бол, ямар мэргэжлээр ажиллах вэ? DJ эсвэл өөр нэг зүйл?
-Би DJ мэргэжлээ маш их хайрладаг. Амьдралаа хөгжимгүй байхыг төсөөлж ч чадахгүй, тиймээс хэрвээ дахин сонголт хийх шаардлагатай бол, би яах аргагүй л DJ-г сонгоно. Хэрвээ үнэхээр DJ болохгүй байсан бол, би дуу хөгжмийн салбарт ажиллах байсан болов уу. Тийм ээ би итгэлтэй байна.
-Та сонсох дуртай гурван дуугаа нэрлэвэл?
-Roosevelt-ийн "Strangers", HVME-ийн "Goosebumps", мөн Bad Bunny & Jhay Cortez-ийн "DAKITI" дуунуудыг би сонсох дуртай.
-Таныг Азийн хатан хаан - №1 DJ, эсвэл дэлхийн шилдэг эмэгтэй DJ нарын нэг гэж дуудах үед ямар мэдрэмж төрдөг вэ?
-Миний хөгжмийг хайрлаж, дэмждэг фенүүд болон сонсогчдодоо би үнэхээр талархаж явдаг. Миний хөгжим, бүтээлүүдийг хүлээж байдаг маш олон үнэнч фэнүүд бий, эсрэгээрээ бас сонсох дургүй хүмүүс ч байгаа байх. Тиймээс би үргэлж өөрийгөө хөгжүүлж, шүтэн бишрэгчдэдээ илүү сайхан төрхөө харуулж, хөгжмөөрөө болон бусад контентоороо дамжуулан дэлхий даяарх хүмүүстэй холбогдохыг хичээж байна. Зогсолтгүй хөдөлмөрлөх гэсэн үг л дээ.
-2025 онд таны ажлын төлөвлөгөө болон DJ SODA-гийн хувьд “дараагийн алхам” юу вэ?
-Би 2025 онд өөртөө шинэ сорилтуудыг тавьж, өндөр чанартай олон сайхан уран бүтээл гаргахад бүрэн бэлэн байна. Та бүхэн энэ жил ч гэсэн намайг анхааралтай ажиглаж, дэмжиж байгаарай! Та бүхний үзүүлж буй асар их хайр, дэмжлэгт маш их талархаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.