СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-02-21

Түр хороо: Хөлбөмбөгийн холбоог тойрсон санхүүгийн ашиг сонирхол бүхий бүлэглэл үүссэн байх магадлалтай

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 хоногийн өмнө

МХБХ-ны Зөвлөлийн бүрэн эрхээр байгуулагдсан /дүрмийн 40 дүгээр зүйлд заасан/ Түр хороо ажиллах явцад ажиллах нөхцөл боломжоор хангаагүй тул энэхүү урьдчилсан мэдээллийг сэтгүүлч та бүхэнд өгч байна хэмээн Монголын хөлбөмбөгийн холбооны дэргэд байгуулагдсан Түр хорооны дарга, гишүүд хэллээ.

Тэд, 2025 оны хоёрдугаар сарын 24-нд Холбооны ээлжит хурал хуралдахад энэ мэдээллээ дэлгэрэнгүй тавина. Түр хороо ажиллах явцад олон асуудал гарч ирж байна. Манай холбооны аппарат болон ЕНБД-ын ажлын алба Зөвлөлийн гишүүдэд үнэн зөв мэдээлэл өгч байгаагүй, Зөвлөл нь бүх асуудлыг нягталж шалгаж үзээгүй, чухал мэдээллийг нуун дарагдуулсан байна гэж үзэж байна.

2023, 2024 онуудад хуваарийн дагуу Зөвлөл хуралдаж байсан ч холбоонд үүсч буй нөхцөл байдлыг өөр байдлаар тайлбарлаж байснаас өнөөдрийн замбараагүй байдал үүсчээ. Холбоо өр төлбөртэй, санхүүгийн хүнд нөхцөл байдал үүссэн, холбооны эд хөрөнгийг барьцаалсан, тэвчиж болох зардлуудыг тэвчээгүй байгаа нь нотлогдож байна. 

2019 онд гаргасан холбооны дүрмийг буруугаар ашиглаж, өөрсдөдөө урамшуулал нэрээр үргүй зардал их гаргасан байна. Зарим бичиг баримт, санхүүгийн гүйлгээнүүдийг дөнгөж өнөөдөр өглөө ч авлаа. 

Өмнөх ЕНБД манай холбоо 2023 онд 3,8 тэрбум төгрөгийн өртэй байснаас 2024 онд 1,8 тэрбум төгрөгийн өр нэмэгдэж, нийт 5,6 тэрбумын өртэй болсон гэж танилцуулж байсан. Энэ тооноос харахад өмнөх их хурлаас баталсан зардал болон гишүүн байгууллагаас орж ирсэн санхүүжилтийг үндэслэж үзвэл өр үүсэх ямар ч нөхцөлгүй байсан байна гэж Түр хороо дүгнэж байна. Холбооны удирдлагууд болон дотоод ажилчдаас хүүтэй мөнгө зээлсэн, хувь хүнээс барьцаалсан хүүтэй зээл, ББСБ-аас зээл авсан нь нотлогдож байна. Холбооны хөрөнгөөр эрх бүхий албан тушаалтнууд гэр бүл, эгч дүүсээрээ тийз захиалсан байна. Урамшуулал олгох системийн дагуу гэх нэрийн дор 30 000, 762 000 мянган долларын 10 хувь гэх мэтчилэн Ерөнхийлөгчийн "Маркетингийн хэлтэст олгосугай" гэсэн тушаал, ЕГБД руу "Урамшууллыг олгосугай" гэх баримтууд олдсон. Санхүүгийн хүнд нөхцөлтэй байхад тэвчиж болох зардалд оруулах ёстой байтал улам нэмж авсаар байсан байна. 2-10 сая төгрөгийн зардал олон удаагийн давтамжтайгаар гарсан байна. 

Зөвхөн олон улсын байгууллагаас орж ирсэн санхүүжилт нь төсөвлөсөн 10,6 тэрбумаасаа давсан байна. Долларын дансуудын гүйлгээг эргэн харахад маш их барьцаалсан зээл төлсөн байна. Дотоодоос босгосон маркетингийн зардлын задаргааг өгөөгүй байхад дээрх 10,6 тэрбум төгрөг гарсан гэсэн үг шүү. Сүүлд мэдэгдсэнээр холбооны үл хөдлөх хөрөнгүүдийг 500,500 сая төгрөгөөр хоёр удаа барьцаалсан бөгөөд ямар учраас барьцаалж, ямар эх үүсвэрээр чөлөөлсөн нь ч тодорхой бус байна. Гэхдээ 500 сая төгрөгийн үлдэгдэл төлбөр харагдаж байна. 

Гадуур яригдаж байгаа, Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн бэлтгэлийн баазыг өрөнд тавьсан, холбооноос барьж өгсөн хөрөнгийг барьцаалсан байна гэх мэт маш их яриа гарч байгаа. Ямар зорилгоор нэмж зээл аваад байгааг үргэлжлүүлэн шалгах шаардлагатай.

Хөлбөмбөгийн холбоог тойрсон санхүүгийн ашиг сонирхол бүхий компани, ТББ, хувь хүн, бүлэглэл үүссэн байх магадлалтай байна гэж бид дүгнэж байна. Бүлэглэлийн шугамаар мөнгө гаргадаг гэж үзэж байгаа тул хөндлөнгийн аудитыг ажиллуулах, үргэлжүүлэн шалгах шаардлагатай гэдгээ дахин хэлье гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.