СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн “Голомт” банкийг хоёр сая төгрөгөөр торгожээ

Нийтэлсэн
20 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
20 цагийн өмнө

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл ойшоосон “Голомт” банкийг хоёр сая төгрөгөөр торгосон шийтгэлийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр нь үлдээлээ.

Иргэн Д.Б Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны шийдвэрээр бусдад төлөх төлбөртэй байсныг тогтоосон аж. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-аас арилжааны банкууд дахь дансыг битүүмжилж, хасалт хийх, шинээр данс нээхийг нь хязгаарласан албан бичиг хүргүүлсэн байна. Эхлээд “Голомт” банкныхан иргэн Д.Б тус банканд данс эзэмшдэггүй хэмээн албан бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж өгч байсан ч дээрх төлбөр төлөгч хүн хоёр ч данс шинээр нээлгэсэн болох нь тогтоогдсон гэнэ.

Тиймээс НШШГГ-ын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 15.27-3.1-т заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бус хуулийн этгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар хүлээлгэсэн үүргийг зөрчсөн” гэж үзэн хэрэг нээсэн байна. Улмаар уг зүйл заалтын дагуу 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая төгрөгөөр “Голомт” банкийг торгох шийтгэл оноожээ.

Уг шийтгэлийг үндэслэлгүй гэж үзсэн тус банкны төлөөлөгч Б.Бөртэ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гарсан ч эрх бүхий албан тушаалтны оноосон шийтгэл үндэслэлтэй гэж үзэн хэвээр нь үлдээсэн юм. Гэвч зөрчилд холбогдогч “Голомт” банкныхан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд дахин гомдол гаргасны дагуу өчигдөр хэлэлцээд шийтгэлийг хэвээр нь үлдээхээр шийдвэрлэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.