Холимог тулааны шилдэг тамирчин Б.Энх-Оргил энэ оны эхэнд (нэгдүгээр сарын 11-нд) ээлжит тулаанаа хийж Экуадор улсын тулаанч Аарон Канартэг буулган авсан билээ.
Монголын холимог тулааны MGL-1 холбооны хошой аварга, дэлхийн тэргүүлэх One championship холбооны хагас хөнгөн жин буюу 66кг жингийн чансааны 4-т эрэмбэлэгдэж буй Б.Энх-Оргилын хувьд One championship холбоонд нийт зургаан тулаан хийж тав ялаад байгаа юм. Тэрээр ердөө нэг сарын өмнө Экуадорын Аарон Канартэтэй тулж эхний үед гарт нь өчиж дуусгасан юм.
Тэгвэл түүний ээлжит тулаан ирэх гуравдугаар сарын 8-ны өдөр товлогдсон байна. Энэ удаа түүний өрсөлдөгч бол жингийн 5-т эрэмбэлэгдэж буй Филиппиний Жереми Пакатив байх юм. Энэ жил 28 настай Ж.Пакативын хувьд мэргэжлийн дөрвөн тулаанд орж гурав ялаад байгаа нэгэн. Тэрээр One championship холбоонд хоёр тулаан хийхдээ хоёуланд нь өрсөлдөгчөө дутуу гаргасан байна. 2022 онд One championship холбоонд хийсэн анхны тулаандаа өрсөлдөгчөө хоёр үеийн турш илүүрхэн гурвалжин боолтоор дутуу гаргасан нь тулаан сонирхогчдоос өндөр үнэлгээ авсан төдийгүй түүнд 50.000 ам.долларын урамшуулал олгож байлаа.
Гуравдугаар сарын 8-ны өдөр зохион байгуулагдах ONE Fight Night 29 тулаанд хүч үзэх Б.Энх-Оргилдоо амжилтын дээдийг хүсэн ерөөе