Хятад улсын гангийн үйлдвэрлэл 10 хувиар буурч, АНУ Хятадын худалдааны дайнаас үүдэж манай нүүрсний үнэ буурч эхэлжээ. Тодруулбал, Хятадын Ганцмод боомт дээрх түүхий коксжих нүүрсний үнэ 2024 онд тонн тутамдаа 224 ам.доллар байсан бол 12 удаа унаж, 2025 оны эхэнд 125 ам.доллар болж 44 хувь буураад байна. Гэхдээ манай улс нүүрсний экспортын гарцаа нэмэгдүүлэх, гуравдагч улсын зах зээлд нүүрсээ экспортлох яриа хэлцлийг хийгээд эхэлсэн байна. Нүүрсний үнэ буурсан асуудалд бид илүү уян хатан зөв бодлого барьж байж өөрсдийн нүүрсний борлуулалт экспортын тогтвортой байдлыг хангах нь чухал гэж албаны хүн хэлж байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн борлуулалт маркетинг тээврийн газрын дарга О.Цэрэндондог:
-Манайх нүүрсээ БНХАУ руу нийлүүлдэг. Тус улс 4.7 тэрбум тонн нүүрсийг хэрэглэдэг. Энэ нь дэлхийн нүүрс үйлдвэрлэлийн 50 хувь юм. Манай Эрдэнэс Тавантолгой ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс экспортолсон. Хятад улс жилд 4.5 тэрбум тонн нүүрсний хэрэглэдгээс манай улс нийтдээ 70 сая тонн нүүрс экспортолсон. Энэ тоог та бүхэн харьцуулаад хараарай. Нүүрсний үнэ буурсан нь Хятадын эдийн засагтай шууд холбоотой. Учир нь Хятадын эдийн засаг 1978 оноос хойших өөрчлөлт шинэчлэлээс хойш үргэлж 6-7 хувьтай өсөж байсан бол одоо таван хувьтай хүрэхгүй байна. 2008 оны эдийн засгийн хямралын дараа Хятадын засгийн газар дэд бүтцийн томоохон төслүүдийг ихээр хийж гүйцэтгэсэн. Олон хурдны зам, байшин барилга барихад ган ихээр шаарддаг байсан. Одоо энэ хэрэгцээ багассан.
Түүнчлэн Хятад, АНУ-гийн худалдааны дайнтай холбоотой. Хятадын гангийн экспортод АНУ 20 хувийн татварын тариф ногдуулсан. Ингэснээр Хятадын гангийн экспорт буурах магадлалтай. Хятад улсын гангийн үйлдвэрлэл нь 1 тэрбум тонн байдаг. Ингэхээр гангийн үйлдвэрлэл 10 хувь буурахад л манай нүүрсний үнэнд нөлөөлж байгаа юм. Гэхдээ энэ нь зөвхөн манай нүүрсний үнэ буурч байгаа асуудал биш юм. Хятадын дотоодын нүүрсний үнэ ч буурч байгаа.
Монгол Улс Хятадын зах зээл рүү нүүрсээ экспортолж, валютын орлогоо олж эдийн засагт хувь нэмрээ оруулах ёстой. Өмнөх жилүүдэд эрэлт нь нийлүүлэлтээсээ давсан учраас нүүрс үнэд хүрч байсан. Харин одоо Хятадын өөрсдийнх нь нийлүүлэлт эрэлтээсээ давчихаад явж байна. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулиараа үнэ буурч байна. Энэ нөхцөлд бид экспортын хэмжээгээ нэмэгдүүлж, хэрхэн валютын орлогоо тогтвортой байлгах вэ гэдгээ бодох ёстой.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн зүгээс Эрээн боомтоор нүүрс экспортлохоор судалж байгаа. Хятадын зүүн хойд мужийн гангийн болон эрчим хүчний зах зээл рүү ойртоно. Хоёрдугаарт, Биржийн тухай хуульд зөвхөн Монгол Улсын хилийн боомтоор зарж байна. Бид Хятадын далайн эргийн хойд боомтууд руу зарах боломжийг зайлшгүй судлах ёстой.
Түүнчлэн эцсийн хэрэглэгч болох гангийн үйлдвэрүүдтэй харилцаа тогтоох, тэдэнд шууд нийлүүлэх боломжийг судлах шаардлагатай. Мөн Энэтхэг улсын гангийн хэрэглээ хоёр дахин нэмэгдэх тооцоолол байна. Иймд бид гуравдагч улсын зах зээлд нүүрсээ экспортлох яриа хэлцлийг хийгээд явж байна.
Нүүрсний үнэ буурсан асуудалд бид илүү уян хатан зөв бодлого барьж байж өөрсдийн нүүрсний борлуулалт экспортын тогтвортой байдлыг хангана гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.