Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны 2024 оны 05 дугаар тогтоолоор байгуулагдсан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Б.Уянга, П.Мөнхтулга, УИХТГ-ын дэд дарга Ү.Амарбат нар Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Гашуун сухайт-Ганцмод боомтод ажиллаж байна.
Ажлын хэсэг УИХ-ын бодлого, шийдвэрийн үр дүн, бодит нөхцөл, хэрэгжилтийг үнэлж дүгнэх үүднээс Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, "Эрдэнэс нэгдсэн терминал" цогцолборын үйл ажиллагаа, нүүрс тээвэрлэлтийн нөхцөл байдалтай танилцжээ.
Энэ удаагийн 126 гишүүнтэй шинэ парламент олон жил гацсан мега төслүүдийг дэмжин ажилласнаар Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө авчирна гэж үзэж буй. Гашуунсухайт боомтыг чиглэсэн нүүрс тээвэрлэх төмөр зам нь олон улсын стандартад нийцсэн, говийн орчинд даацтай, ан амьтанд ээлтэй боловч суурьшлын бүсэд буй оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай хэмээн орон нутгийн иргэдээс хүсэлт тавьсан байна.
Харин "Эрдэнэс нэгдсэн терминал" цогцолборын хувьд 2022 онд ашиглалтад орсноос хойш 75,1 сая тн нүүрс экспортолсон. Энэ жил 30 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ. Өдөрт 300-450 тээврийн хэрэгсэл Ганц мод чиглэлд нэвтэрдэг бөгөөд 2023 оны 03-р сараас хойш 117 удаагийн 26.5 сая тн нүүрсийг биржээр борлуулсан гэлээ. Эрдэнэс Тавантолгой ХК-тай хариуцлагын гэрээ байгуулсан 420 аж ахуйн нэгжийн 8808 тээврийн хэрэгсэл урт, богино тээврийн үйл ажиллагаа эрхэлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.