СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2025-02-19

🔴 Ц.Пүрэвням: Манай улс кибер аюулгүй байдлын индексээр 193 орноос 103-т явж байна

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
2 хоногийн өмнө

Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлсэн судалгааны тайлангаа олон нийтэд танилцуулж байна.

ЦХИХХЯ-ны КАББХЗГ-ын дарга Ц.Пүрэвням:

-2024 онд Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас гаргасан индексээр манай орон кибер аюулгүй байдлын түвшингээрээ 193 орноос 103-т явж байна. 56 оноо авсан нь дунд буюу бэхжиж буй түвшинд явж байна гэсэн үг. Салбар яамны зүгээс энэхүү 2025 онд онцлох 10 ажлаа төлөвлөж, бэхжиж буй түвшнээс дэвжиж буй түвшинд шилжих зорилт тавиад байна. Ингэхийн тулд тодорхой хэмжээнд хүний нөөц, хамтын ажиллагаа, тоног төхөөрөмж, дэд бүтэц сайжруулах зэрэг ажлууд хийх шаардлага бий.

-Кибер аюулгүй байдалтай тэмцэх чиглэлээр манай улсад хүний нөөц хэр байгаа вэ?

-Хүний нөөцийг 2-3 түвшинд харж байна. Нэгдүгээрт, одоо ажиллаж буй боловсон хүчин. Мөн их дээд сургуульд бэлтгэгдэж буй оюутан сурагчид. Манай улсад 1200 гаруй мэргэжилтэн байгаа нь албан бус тоо юм. ШУТИС 2021 оноос Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн бэлтгэж байгаа бол МУИС магистрын түвшинд бэлтгэж эхэлсэн. Өмнө нь IT чиглэлийн буюу мэдээлэл технологийн суурьтай хүн кибер аюулгүй байдлын чиглэлийн сургалтад суугаад байгууллагуудын хамгаалалтыг хийдэг байсан бол одоо бие даасан мэргэжлийн боловсон хүчнүүд төрөн гарч буй нь давуу тал юм. 

-Салбар яам төрийн байгууллагын нууц мэдээллийг хамгаалах чиглэлээр хэрхэн ажилладаг юм бэ?

-Яамны зүгээс бодлогын түвшинд ажлууд хийж байгаа. Мэдээллийн аюулгүй байдлын аудит хийж, эрсдэлийн үнэлгээ хийж байна. Тухайн байгууллага цахим орчинд аюулгүй байдлаа хэрхэн хангах чиглэлээр дүгнэлт хийж, зөвлөмж өгдөг.

-Олон нийт буюу хувь иргэн мэдээллээ алдах явдал байнга гардаг. Олон нийтийн ойлголт хэр байдаг юм бол?

-Мэдээллийн аюулгүй байдлын үйл ажиллагааны 50 хувь нь иргэдийг соён гэгээрүүлэх ажил байдаг. Хэрхэн цахим орчинд өөрийгөө хамгаалах, ур чадварт хэрхэн суралцах чиглэлээр салбар яамны зүгээс хэд хэдэн ажлууд хийхээр төлөвлөн ажиллаж байна. 

-Яам энэ жил хийх 10 томоохон ажлаа зарласан гэлээ. Жишээ нь ямар ажлууд хийх вэ?

-Кибер аюулгүй байдлын судалгааны дүнг өнөөдөр танилцуулж байна. Хурлын дараа дүгнэлтүүдээ эцэслээд, олон талын оролцогч байгууллагуудаас саналуудыг авч нэгтгэнэ. Цаашид хамтарч яаж ажиллах хөтөлбөр гаргана. Хөтөлбөрийн дагуу ажиллана. Засгийн газрын тогтоол гаргана. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.