СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-02-18

С.Зүчи: Цагаан сарын барилдааны үеэр бөхчүүдээс ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ авна

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 хоногийн өмнө

Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны үеэр зарим бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаар болсон байна. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны захиалгаар Монголын үндэсний допингийн эсрэг үндэсний байгууллага бөхчүүдээс допингийн шинжилгээ авах ажээ. Энэ талаар Монголын үндэсний допингийн эсрэг үндэсний байгууллагын Гадаад харилцааны албаны дарга С.Зүчиэс  тодрууллаа.

-Сар шинийн барилдааны үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаар болсон байна. Хэчнээн бөхөөс допингийн шинжилгээ авах вэ?

-МҮБХ-ны захиалгаар Монголын үндэсний допингийн эсрэг үндэсний байгууллага бөхчүүдээс шинжилгээ авах юм. Манайх зөвхөн сорьц цуглуулж, лабораторид хүргэж, эргээд үр дүнг мэдээллэх үүрэгтэй. Бид МҮБХ-ны хүсэлтээр, гэрээний үндсэн дээр шинжилгээ авна.

-Улсын баяр наадмаар дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг. Ийм байдлаар шөвгөрсөн бөхчүүдээс авахгүй юм байна?

-Улсын баяр наадмын бөхийн барилдаан нь хуулийн зохицуулалттай. Тэмцээний үеийн шинжилгээ бол өөр. Тухайн тэмцээн зохион байгуулагч байгууллага хэрхэн авахаа шийднэ.

-Шинжилгээний хариу ямар хугацаанд гарах вэ. Улсын баяр наадмаар зодоглосон бөхчүүдийн хариу удлаа гэдэг шүүмжлэл байдаг шүү дээ?

-Энэ асуудал дээр МҮБХ ихээхэн санаачилга гаргаж, багагүй зардал тусгаж, түргэн хугацаанд хариуг ирүүлэхээр ажиллаж байгаа. Бөхчүүдээс 48 цагийн түргэвчилсэн шинжилгээ авна. Хэрэв ямар нэгэн бодис илрэхгүй бол шинжилгээний хариу гуравдугаар сарын 2-ны орой 08:00 цаг гэхэд ирчихнэ. Сэжигтэй хариу гарвал жаахан уддаг. Долоо хоног ч юм уу хүлээдэг. Өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар сэжигтэй хариу гарч, тэр шинжилгээнүүд удсан. Долоодугаар сарын 16 гэхэд 48 шинжилгээний 44 нь ирчихсэн байсан шүү дээ. Түүн шиг асуудалгүй гарсан шинжилгээний хариу түргэн хугацаанд гарна.

-Хэрвээ бөхчүүдээс допингийн шинжилгээ илэрвэл хэрхэх вэ?

-Зохион байгуулалтын асуудлыг шинжилгээг захиалагч буюу санаачлагч, сорьц цуглуулах байгууллага, үр дүнгийн менежмент явуулах байгууллага гэж гурав ангилдаг. Хэн допингийн шинжилгээг санаачилсан байна, тэр байгууллага нь эргээд үр дүнгийн менежментээ явуулах ёстой.

Хэрвээ муугаар бодоход, тамирчнаас допинг илэрсэн нөхцөлд шинжилгээг санаачлагч, захиалагч МҮБХ үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлнэ. Үр дүнгийн удирдлага гэдэг нь заавал шийтгэл оногдуулах асуудал биш юм. Тухайн тамирчин бодисыг эмчилгээний журмаар хэрэглэсэн байж болзошгүй шүү дээ. Бодис илэрсэн тамирчин Б сорьцоо өгөх зэрэг эрхийг нь хангаж ажиллах ёстой. Ер нь манай байгууллага допингийн шинжилгээ аваад хариу гарсан дариуд нь ямар ч хариу гарсан байсан МҮБХ болон тамирчдад нэгэн зэрэг мэдэгддэг.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.