СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

17 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох ажил гараанаас гарлаа

Нийтэлсэн
4 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
4 хоногийн өмнө

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт олны анхаарлыг татсан нэгэн томоохон гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол Улс, БНХАУ-тай төмөр замаар холбогдсоноор нүүрсээ бага зардлаар тээвэрлэж, их хэмжээгээр экспортлох 20 жилийн хүлээлт биелэлээ олох эрх зүйн орчин бүрдлээ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Ингэснээр манай улс урд хөрштэй төмөр замаар холбогдож, жилдээ 165 сая тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой болох юм. Нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэсэн тооцоолол байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Монгол Улсын Засгийн газар хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.  

Энэхүү хэлэлцээрийг байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, үндсэн чиглэлийг баталж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан болон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд, Засгийн газрын Ажлын хэсэг, салбарын эрдэмтэн судлаачид Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Аливаа гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр Засгийн газар хооронд олон улсын гэрээ байгуулах саналыг хүлээн авч харилцан ойлголцолд хүрсэн БНХАУ-ын Засгийн газар, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Гадаад хэргийн сайд Ван И, хоёр улсын Элчин сайдын яамдад талархал илэрхийлье.

Энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, Улсын Их Хурлын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өнөөдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байна. 

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд - Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болж байна. Энэ агуулгаараа түүхэн үйл явдал болж байна.

Энэ төмөр зам ашиглалтад орсноор

Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. 

Энэ хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байна. Эдгээр төмөр зам холбогдсоноор экспортын орлого дахин 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, монголчууд бидний олон жил хүлээсэн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10,000 ам.долларт хүрэх зорилт биелнэ.

Хоёр улсын Засгийн газар аливаа гуравдагч талыг оролцуулахгүйгээр гэрээ хийх боломж 2004 онд ч байсан. Энэ гэрээ 21 жилийн өмнө хийгдсэн бол Тавантолгойг тойрсон маргаан, царигийн мэтгэлцээн өрнөхгүйгээр Монгол Улс өнөөгийн үнэ цэнээр багадаа 31.5 тэрбум ам.долларын орлого олж, өнөөдрийн тулгамдсан дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байх байлаа гэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр баталгаажсанаар бүтээн байгуулалт энэ хавраас эхлэх боломж бүрдлээ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

-Монгол Улсын Засгийн газар хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байна. Төмөр замын холболтын ажлыг аль болох түргэн хугацаанд хийж гүйцэтгэхийг чухалчилна. Заавал 2030 он гэхгүйгээр 2-3 жилийн хугацаанд хийж дуусгахыг Хятадын талын гүйцэтгэгч компанид тавина.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.