СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-02-13

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Хүн бүр эрх тэгш байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын хамт Увс аймгийн Улаангом хотод (2025.02.12) ажиллажээ. Энэ үеэр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар таван жилийн турш баригдаж, ашиглалтад орж буй хөгжимт жүжгийн “Ойрад” театрын нээлтэд оролцсон юм.

УИХ-ын дарга нээлтийн үеэр язгуур урлагийн арвин өв, соёл бүхий Увс нутгийнхан 50 гаруй жилийн дараа хөгжимт жүжгийн шинэ театртай болж буйд баяр хүргээд уламжлал шинэчлэлийг хослуулан бүх нийтийг соён гэгээрүүлэх замаар үндэсний өв, соёлоо нандигнан үлдээх, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх нь төрийн бодлогын салшгүй хэсэг гэдгийг тодотголоо.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улаангом хотын эл шинэ театрт иргэдтэй уулзаж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомжууд, бүс нутгийн хөгжлийг тодорхойлох бодлогын шийдлүүдээс танилцуулав. Ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын 81 гишүүн нь анх удаа УИХ-д сонгогдон ажиллаж буй бөгөөд салбар бүрийн төлөөллүүд хууль тогтоох байгууллагад ажиллаж эхэлсэн нь энэ парламент эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх бүрэн чадамжтайг харуулж байна хэмээн УИХ-ын дарга уулзалтын эхэнд тодотгосон юм. 

Тэрбээр “Гурван төгөлдөршил” буюу хүний эрхийг хангасан, цаг үетэйгээ нийцсэн, иж бүрэн зохицуулалттай эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд УИХ-д суудалтай улс төрийн намын төлөөлөл бүхий гишүүдээс бүрдсэн 80 гаруй ажлын хэсэг ажилдаа орсныг онцлов. Түүнчлэн аливаа хуулийн хэрэглээг өөр мэт харагдуулдаг хуулиас давсан журмуудыг цэгцэлж, нийслэл болон орон нутгийн хаана ч Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар баталгаажсан эрх, эрх чөлөөгөө бүрэн эдэлдэг байх ёстойг чухалчиллаа. Амьдралын хэмнэл, нийгмийн хөгжил хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ үед хуулиа шинэчлээгүйн улмаас зөрчил үүсэж байгааг 1997 онд батлагдсан Дампуурлын тухай хуулиас болж татан буугдаж чадахгүй 150 мянга гаруй аж ахуйн нэгж байгаатай холбон тайлбарлав.

Түүнчлэн өнөөгийн нийгмийн харилцааны 30 хувийг хуулиар, үлдсэн 70 хувийг журмаар зохицуулж байгаа нь хүнд суртал, хээл хахуул, шударга бус байдлыг нэмэгдүүлж буй нэг шалтгаан хэмээгээд эдгээр журмуудыг цэгцлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Цаашид парламент баталсан хуулийн тоогоор ажлаа дүгнэх бус бодлогын шийдлүүдийн бодит үр дүн буюу бүрэн эрхийнхээ хугацаанд өсөн нэмэгдсэн макро эдийн засгийн үзүүлэлтүүдээр ажлаа тайлагнадаг шинэ жишигт шилжинэ гэв.

Уулзалтын үеэр Улаангом хотын иргэд бүс нутгийн онцлог шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малын түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг байгуулах зэрэг бүтээн байгуулалтыг орон нутагт эрчимжүүлснээр ажлын байр нэмэгдэх, айл өрхийн орлого бодитоор өсөх боломжтойг хэлж байлаа. Түүнчлэн Хязгаар нутагт бизнес эрхэлж буй хувийн хэвшлийнхний төлөөлөл тээвэр, ложистик, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэмүү өртөг шингэсэн зардлуудаас гадна арилжааны банкны зээлийн хүү, татварын хувь хэмжээ нь асар их дарамт болж байгааг хэллээ. Иймд татварын тогтолцоог шинэчилж, жижиг дунд үйлдвэрлэгчид, бичил бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлж өгөхөд анхаарахыг хүслээ.

Уулзалтын үеэр иргэдийн төлөөлөл Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуулт асууж, Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан хоршоологчид өдгөө эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийслэл хот руу нийлүүлж буй сайн туршлагаасаа хуваалцав. Мөн УИХ-аас зохион байгуулж буй хяналтын сонсголуудын араас үр дүнг баталгаажуулах, хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлэхийг захилаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн орон нутаг дахь томилолт Увс аймагт үргэлжилж байна

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.