СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-02-13

Увс аймагт хууль тогтоомж сурталчлах төв байгуулжээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нар (2025.02.12) Увс аймгийн Улаангом суманд ажиллах үеэр Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцжээ.

Арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, хууль батлагдах нэг хэрэг, харин батлагдсан хуулийг иргэд олон түмэнд ойлгуулан таниулах, хэрэгжүүлэн биелүүлэх, сахин мөрдүүлэх нь эрх зүйт төрийн хамгийн чухал бөгөөд хариуцлагатай үе шат мөн. Энэ үе шатанд анхаарал сулруулснаар хууль хэрэглээнд гажуудал, хийдэл, буруу ойлголт гарч, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болсон хууль дээдлэх ёс цалгардах, хүний эрх зөрчигдөх нөхцөл байдал ажиглагдаж байна. Ийм байдлыг өөрчлөх нь энэ удаагийн парламентын эрхэм зорилгын нэг юм. Намрын чуулганаар баталсан Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд парламентат ёсны талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд хүртээмжтэй мэдээлэх, парламентын боловсрол олгох талаар онцгойлон тусгасан. Энэ бодлогыг хэрэгжүүлж, бодит ажил хэрэг болгоход тус төвийн үйл ажиллагаа чухал юм. Өнөөдрийн энэ ёслолын үйл ажиллагаа протокол, тэмдэглэл болоод дуусах ёсгүй. Улсын Их Хурлаас дэвшүүлсэн эрх зүйн “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг бодит амьдралд хэрэгжүүлэх, ажил хэрэгч, амьд хөдөлгөөн болон өрнөж, Увс аймагт хууль дээдлэх ёс хэрэгжиж байгааг улс даяар харуулах жишиг болсноор үр дүн нь хэмжигдэх болно. Төвийн үйл ажиллагаа хэзээд иргэдэд нээлттэй, ил тод, бүтээлч, шуурхай байх төдийгүй, хуулийг тайлбарлах, ойлгуулах, зөвлөгөө өгөх, зөвлөн туслах олон хэлбэрээр орон нутаг дахь төрийн бүх байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэдтэй нягт хамтран ажиллавал зохино.

Тус төвийн бас нэг үндсэн зорилго, ач холбогдол нь хууль батлагдахаас өмнөх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжиж, идэвхжүүлэх, мөн өмнө нь батлагдсан хуулиуд, болон эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан дүрэм, журмууд амьдралд нийцэж буй эсэх талаар санал хэлэлцүүлэг өрнүүлэх, шаардлагатай бол өөрчлөх, санал хүсэлтээ D-parliament болон бусад олон хэлбэрээр илэрхийлэх боломжийг нь хангах замаар хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх явдал билээ. Үүний тулд тухайн хуулиар зохицуулах харилцаанд хамаарах бүх субъектүүдийн санал, хүсэлтийг сонсдог хэлэлцүүлэг, шүүмж, мэтгэлцээн өрнүүлэх, сонсгол зохион байгуулах зэрэг олон шинэлэг арга хэлбэрээр ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Нээлтийн арга хэмжээ Улсын Их Хурлын Тамгын газар болон Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хоорондын Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаагаар үргэлжлэв. Тус төвийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангахад талуудын хүлээх үүргийг тодорхойлж, хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллахаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Баттулга нар баримт бичигт гарын үсэг зурлаа.

Хууль тогтоомж сурталчлах төв нь Монгол Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарч буй шийдвэрийг олон нийтэд тухай бүр хүргэх, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулна. Үүний зэрэгцээ ерөнхий боловсролын сургуулийн сурагч, их, дээд сургуулийн оюутан, өсвөр үеийнхэнд ардчиллын суурь мэдлэг олгох, хууль тогтоох үйл ажиллагааны мөн чанарыг ойлгуулах, нийгмийн хариуцлагатай, оролцоотой иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч, парламентын боловсрол болон өсвөрийн парламент хөтөлбөрийг танилцуулах, оролцоог хангахад чиглэж ажиллах юм.

Мөн иргэдэд эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгөхөөс гадна эрх зүйн боловсрол олгох хүрээнд номын сангийн булан ажиллуулах бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газраас “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023, 2024, 2025 оны дугаарууд, “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж” 21 боть ном, Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн гаргадаг Монгол Улсын Их Хурлын хавар, намрын ээлжит чуулганы танилцуулга зэрэг 1400 гаруй ширхэг ном, гарын авлага, эмхэтгэлийг хүргүүлэв. Нээлтийн арга хэмжээний үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Монголын түүхэн сурвалж бичгүүд” 33 боть номыг тус төвд гардууллаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд хүртээмжтэй мэдээлэх, парламентын боловсрол олгох тухай хуулийн зохицуулалт болон стратеги бодлогын зорилт тусгагдсан. Уг зорилтын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.

Улсын Их Хурлын Тамгын газар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төвийг үе шаттайгаар байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймагт байгуулаад байна

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.