-Баянзүрх дүүргийн 201 дүгээр цэцэрлэгийн багш Б.Даваажав бяцхан хүүхдүүдэд өв соёл, уламжлалын хичээл зааж, дуу дуулж өгөх дуртай. Цэцэрлэгийн багш Б.Даваажавтай ярилцлаа.
Цэцэрлэгийн багш Б.Даваажав
-Нийслэлийн Баянзүрх дүүргийн 201 дүгээр цэцэрлэгийн багш Б.Даваажав байна. Одоо мэргэжлээрээ ажиллаад гурав дахь жилдээ болж байна. 2022 онд Сити их сургуулийг Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр төгссөн. 2022 оны намар 147 дугаар цэцэрлэгт оюутан багшаар ажиллаж эхэлсэн. Энэ 201 дүгээр цэцэрлэгт ирээд хоёр дахь жилдээ ажиллаж байна.
Бид нар хичээлээ орохдоо жүжиглэнэ, дуулна, зурна, будна гээд яг хүүхэд шигээ болоод тэдэнтэйгээ хамтдаа өдрийг өнгөрөөдөг. Бидний мэргэжлийн сайхан. Бид хүүхдүүддээ заана, хүүхдүүдээсээ суралцана. Манай 201 дүгээр цэцэрлэгийн салбар цомцог гэр сая арванхоёрдугаар сарын 4-нд ашиглалтад орсон. Цомцог гэр учраас хүүхдүүддээ монгол уламжлал талаасаа хичээл заана. Хотын хүүхдүүд чинь зарим нь гэрийнхээ хана, унь, тооныг мэдэхгүй байдаг. Тэрийг заахад бидэнд амар болчихож байгаа байхгүй юу. Энэ юу вэ хүүхдүүдээ гэхэд хана, тооно, унь гээд. Цээжлэхэд амар.
Хүүхдүүдэд дуу хөгжмийн хичээл орно. Өв уламжлалын цомцог гэр ашиглалтад орсноос хойш хүүхдийн дуу заахаасаа гадна хүүхдийн дуутайгаа хослуулаад монгол өв уламжлалын дуу орно. Цагаан сар болох гэж байгаа юм чинь Цагаан сартай холбоотой дуунууд заагаад явж байна.
Уламжлалт соёл иргэншлээ мартуулахгүй байхын тулд бид нар таван хошуу малаа, гэрээ, монгол өв уламжлалынхаа үг хэллэгийг, үг хэллэг дотроо манай монгол уламжлалын оньсого таавар, зүйр цэцэн үг гээд заагаад явдаг. Бүлгийн багш нар дууны хичээлээ ч ордог. Дууны хичээлийг нас насны онцлогд тохируулж ордог. Заасан дууг маань хүүхдүүд надад буцаагаад дуулаад өгөхөд сайхан санагддаг. Цэцэрлэгийн багш нарын авах ёстой гоё мэдрэмжүүдийн нэг нь. Би мөн ардын дуу дуулах дуртай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.