Шатахуун импортлон борлуулагч “Магнайтрейд” ХХК-ийг стандартын шаардлагад нийцээгүй бүтээгдэхүүн борлуулсан үндэслэлээр 2021 оны долоодугаар сард тухайн үеийн ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагчийн шийтгэврээр 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн сая төгрөгөөр торгожээ.
ШӨХТГ, МХЕГ, НМХГ, Стандарт, хэмжил зүйн газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газраас хамтран хяналт шалгалт хийх удирдамж батлан, ажлын хэсэг байгуулж, газрын тосны бүтээгдэхүүн импортлон борлуулагч аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсэн аж. Энэ үеэр “Магнайтрейд” ХХК-ийн 13 дугаар хороолол дахь 163 дугаар шатахуун түгээх станц, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь тус компанийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн баталгаат агуулахаас АИ-92 болон дизелийн түлшнээс дээж авч хоёр ч лабораторид шинжлүүлсэн байна. Тодруулбал, АМГТГ-ын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторид дээжээ хүргүүлсэн гэнэ. Эдгээр лабораторийн дүгнэлтээр АИ-92 нь Монгол Улсад мөрдөж буй “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017” стандартын шаардлагыг хангаагүй, дизелийн түлш нь “Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS 68615:2020” стандартын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон юм байна. Тиймээс ШӨХТГ-ын улсын байцаагч Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.1 дэх хэсгийн “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн аж. Улмаар Зөрчлийн тухай хуулийн 10.2-5 дахь хэсгийн “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх заалтыг үндэслэн хариуцлага тооцсон гэнэ.
ШӨХТГ-ын байцаагчийн эл шийтгэврийг “Магнайтрейд”-ийнхэн үндэслэлгүй гэж үзэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүх өнөөгийн Монополын эсрэг газрын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн “Магнайтрейд” ХХК-ийнхны гомдлыг хэлэлцэхээс татгалзсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.