Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна.Ажлын хэсэг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр болон аймгийн удирдлагууд, эрүүл мэндийн салбарын алба хаагчидтай уулзалт хийж, мэдээлэл солилцжээ.
Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр аймаг орон нутгийн танилцуулга, эрүүл мэндийн салбарт Завхан аймагт хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар мэдээлэл өгчээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан салбартаа хэрэгжүүлж буй бодлого шийдвэрээ танилцуулж, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болох УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир, ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Отгонбаатар, ХСҮТ-ийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үржинханд нар мэдээлэл хийв.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзалт хийжээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан салбарын эдийн засгаа тэлэх бодлого боловсруулж, томоохон мега төслүүдийг хэрэгжүүлж эхэлснээ салбарынхандаа танилцуулав.
Завхан аймгийн хэмжээнд хавдрын, зүрх судасны өвчлөл их байгаатай уялдуулан эмч нарыг сургах, боловсон хүчин бэлтгэх, тоног төхөөрөмж шинэчлэх тал дээр анхаарах, иргэд амьдарч буй орон нутагтаа эмчлүүлж сувилуулах боломжийг бүрдүүлж ажиллана гэлээ.
Аймгийн эрүүл мэндийн салбарынхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмгэг судлалын лабораторийн тоног төхөөрөмж, сумдын нарийн мэргэжлийн эмч нарын дутагдал, алсын дуудлагын томилолт, эмч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, үйлчлүүлэгчдийн зүгээс ирдэг зүй бус зан авир, шат шатны эмнэлгүүдийн уялдаа холбоо тааруу, орон нутгийн эмнэлгүүдэд хийх урсгал засварын асуудал зэргийг хөндөв. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нэгдсэн эмнэлгийн эмгэг судлалын лабораторид 800 сая төгрөгийн тоног төхөөрөмж шийдвэрлэж, орон нутгийн эмнэлгүүд менежментээ зөв боловсруулж, төсвөө нэмэгдүүлснээр олон асуудлыг шийдвэрлэж чадна гэдгийг сануулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.