СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баянзүрх дүүргийн ХХҮХ-ийн дарга асны хэргийг дахин шалгаж дуусав

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
5 цагийн өмнө

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-ийн даргаар ажиллаж байсан Л.Цолмонгэрэл нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн дахин шалгаж дуусжээ. Улмаар НПГ-ын хяналтын прокурорт шилжүүлсэн байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэгдүгээр сарын 27-31-ны хооронд эрүүгийн 892 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас наймд нь яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорын байгууллагад хүргүүлсэн аж. Түүнтэй хамт тус хэлтсийн төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Даваахүү, иргэн Г.Мөнхтуяа нарыг яллагдагчаар татсан байдаг.
Тэд “Ковид-19” цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрт заасан санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний хүрээнд хувиараа хөдөлмөр эрхлэгч болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан хэрэгт холбогдсон юм. Уг төслийн хүрээнд нэг удаад таван сая хүртэл төгрөгийн, эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатай олгож байсан. Харин Л.Цолмонгэрэл албан тушаалаа урвуулж, УИХ-ын нэгэн гишүүний туслахаар ажиллаж байсан иргэн Г.Мөнхтуяад давуу байдал үүсгэн уг төслийн шаардлагыг хангаж буй иргэн Б.Ү-ын нэр, бичиг баримтыг ашиглан санхүүжилт олгох нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн буруутгагдаж буй. Ингэхдээ мэргэжилтэн Ц.Даваахүүдээ хууль бус үүрэг, чиглэл өгч, иргэн Б.Ү-ын ажлын байрыг шалгуулалгүй, тухайн объектынх нь бус зургийг хавсаргуулж, үйл ажиллагаа явуулдаггүй хаяг бичүүлэн таван сая төгрөг олгуулсан хэмээн шалгуулжээ. Уг нь эл хэргийг өнгөрсөн оны зургаадугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн Ц.Даваахүүд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон, Л.Цолмонгэрэлийг албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал үүсгэсэн гэм буруутайд тооцсон юм. Улмаар түүнд болон иргэн Г.Мөнхтуяад нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жил хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн аж. Гэвч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, буцааснаар АТГ-т дахин шалгаж дууссан нь энэ. Баянзүрх дүүргийн ХХҮХ-ийн дарга асан Л.Цолмонгэрэл нарт холбогдох хэргийг АТГ-ынхан анх 2022 оны гуравдугаар сард илрүүлэн шалгаж эхэлсэн билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.