Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, тус газрын ахлах мэргэжилтэн Б.Эрхэмбаяр болон албаны хүмүүс "Сор кашемир" компанид ажиллав.
"Сор кашемир" компани нь 1998 онд анх түүхий эд бэлтгэл, гадаад дотоод худалдаа, хялгас самнах үйлдвэрлэл явуулах зорилготойгоор байгуулагджээ. Энэ цаг үеэс Монголын үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт хөл тавьж ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос зэрэг малчдын амьжиргааны гол түүхий эдийг гар дээрээс нь худалдан авч үйлдвэрлэл явуулж улмаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж ирсэн байна. Өдгөө тус компанид ноос ноолуур ангилан ялгах цех, угаах үйлдвэр, ноолуур самнах үйлдвэр, будах үйлдвэр, ноос ноолууран утас ээрэх үйлдвэр, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр ажиллаж анхан шатны түүхий эдийг эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгох бүх шатны боловсруулалтыг гүйцэтгэж байгаа талаар компанийн удирдлагууд онцолж байлаа. Төрийн тэргүүний санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь цаг үеэ олсон, үйлдвэрлэгчдийг дэмжих хамгийн том боломжийг нээж өгсөн талаар хэлж байсан юм.
Тус компани 150 хүнийг тогтмол ажлын байраар, 20-30 орчим хүнийг ангилан ялгагчаар улирлын чанартай ажлын байраар хангаж, компанийн ажилтнуудаа байрлан ажиллах нөхцөл боломжоор дэмжин үйлдвэрийнхээ дэргэд ажилчдын сууцыг шийдэж өгсөн байна. Жилд 800 орчим тонн ноолуур, 200 орчим тонн тэмээний ноос, 30 гаруй тонн сарлагийн хөөвөр, 200 гаруй тонн хонины ноосонд боловсруулалт хийж 100 хувь хольцгүй цэвэр утас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Дотоодын 150 гаруй сүлжих цехүүдтэй хамран ажиллаж, бүтээгдэхүүнээ Балба, Япон, Орос, Хятад, АНУ, Солонгос, Итали, Казакстан, Энэтхэг зэрэг 17 улсад экспортолж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.