Удирдах бүрэлдэхүүнд нь багтаж байсан хоёр ч банк нь дампуурч хаалгаа барьсан ч, Засгийн газарт нэгдсэн намынхныхаа томилгоогоор З.Нарантуяа Хөгжлийн банкийг удирдах болсон билээ. Тэрбээр саяхан ТУЗ-өөрөө шинэ бүтцээ батлуулж, зарим хүнийг ажлаас нь чөлөөлөх, гэрээгээр ажиллуулах мэдэгдэл хүргүүлжээ.
Бидэнд олдсон мэдээллээр өмнө нь 129 орон тоотой байсан бүтцийг өөрчилж, зарим нэгжийн давхардлыг арилгаж буй нэрийн доор хүмүүсийг шилжүүлэх, чөлөөлөх зэрэг мэдэгдэл өгсөн байна. Гэсэн хэдий ч орон тоог 143 хүн болгож нэмэгдүүлсэн байх юм. Бүтцийг нь өөрчлөөд ажил нь сайжирдаг бол сайжрах, өр зээлээ бүгдийг нь барагдуулах хугацаа болсон. Хөгжлийн банканд 2011 оноос хойш томилогдсон захирал болгон л бүтцийг нь өөрчилж, ажлаа сайжруулна гэдэг ч өнөөг хүртэл бахь байдгаараа.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, сайд Н.Учрал хэдхэн хоногийн өмнө Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл боловсруулснаа танилцуулах үеэр Хөгжлийн банкны алдагдлыг 58 тэрбум гаруй төгрөг гэдгийг мэдээлж, алдагдалтай ажиллаж буйг нь татан буулгана хэмээсэн. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ нөгөө ашиггүй компаниудынх нь болох Хөгжлийн банкныхан бүтцээ улам л данхайлгаж, орон тоогоо нэмж байх юм. Уг нь хүн нэмэх бус, хуудуутай асуудлуудыг л арилгаж байж хөгжиж, зөв голдирлоор ажиллах бус уу.
Хөгжлийн банкны чиг үүрэг, зорилго зорилт бол экспорт дэмжих, импортыг орлох, ард түмэнд нэмэр болох, үндэсний баялаг бүтээх. Гэтэл одоо өр барагдуулах л үндсэн ажилтай банк болоод буй. Өөрөөр хэлбэл, өмнө нь ажиллаж байсан хүмүүс ажлаа хуулийн дагуу хийгээгүй, бусдад давуу байдал олгосон нь шүүхээр тогтоогдчихоод байгаа. Тэгэхээр хүний нөөцийн чадамж дээр томоохон хяналт тогтоох цаг болсон. Баялгийн санд хуримтлуулсан хөрөнгөөс Хөгжлийн банканд жил бүр өгөх хуулийн төсөл боловсруулж буй энэ үед өмнөх хэрэг шиг явдал давтуулахгүйн тулд намын томилгооны, цүнх баригчдаа чөлөөлөх ёстой болохоос бус, нэмж, аль нэг намын “шахаа”-ны, элдэв ашиг сонирхолтой нөхдийг албан тушаалын шат дамжлагаар алхуулах ёсгүй баймаар.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.