Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, зарим сургууль цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг өнөөдрөөс цахим хэлбэрт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор, Налайх дүүргийн онцгой комисс, дүүргийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэл хийв.
Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль:
-Өчигдөр өглөө 8:30 маш өндөр халууралттай 3 нас 7 сартай эрэгтэй хүүхэд Налайх дүүргийн "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвд ирж үзүүлсэн. ХӨСҮТ-ийн лабораторид шинжилгээ өгснөөр 17 цагт шинжилгээний хариугаар менингит болох нь тогтоогдсон. Хүүхэд 28-ны шөнө халуурч хоносон бөгөөд өглөө биеэр нь тууралт гарсан. Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа ба хордлого ихтэй. ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээнд хоносон.
Ойрын хавьтлын зургаан хүнийг тусгаарлаж, шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан учраас тусгаарлалтаас гаргах шийдвэрийг гаргасан. Тандалтаар тухайн хүүхдийн явж байсан цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг цуглуулж тандалт шинжилгээ хийсэн. Халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой 25 байгууллагын 41 анги танхимыг ариутгаж, бүрэн халдваргүйжүүлсэн.
Менингококкын халдвар нь богино хугацаанд хурдан хүндэрдэг аюултай өвчин тул бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд халууны шилээ ойрхон байлгаж өндөр халуурвал биед нь тууралт гарсан эсэхийг шалгаарай. Тууралт нь доод мөчдөөс эхэлж гардаг ба гэрэлд мэдрэг, ноомой болох шинж тэмдэг илэрдэг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.