АНУ-аас багагүй хэмжээний мансууруулах бодис худалдан авч Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг олон улсын шуудан илгээмжийн компанийн энэ төрлийн үйлчилгээг ашиглан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн Н.А гэх залууд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн талаар бид өчигдөр дурдсан.
Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлбэл, 2024 оны арванхоёрдугаар сарын 10-нд НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлсэн аж. Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт түүнд холбогдох хэргийг шалгаж, Эрүүгийн хуулийн 20.7-3.3 дахь хэсгийн “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн” гэх заалтыг үндэслэн яллагдагчаар татсан байна. Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 224 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах болон мөнгө угаах тус бүр дөрөв, хүрээлэн байгаа орчны эсрэг гурав, авлига албан тушаалын долоон хэрэг багтсан аж. Тэдгээрийн нэг нь дээрх хар тамхи хилээр нэвтрүүлсэн хэрэг юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.