СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-30

Зургаахан шүүгчийн “нууц” ба 600 шүүгчийн нэр хүнд

Нийтэлсэн
17 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
17 цагийн өмнө

Монголын төрийн эрх мэдлийн гурван засаглал байдаг. Түүнд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл багтдаг. Тэдний хоёрынх нь хооронд нэг ийм зөрчил яваад удсан. Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайд нь “Зарим шүүгч авлигачдыг хамгаалж, өөрсдөө авлигад холбогдож байна” гэж мэдэгддэг. Шүүх засаглалын удирдах байгууллага ШЕЗ “Энэ нөхөрт хариуцлага тооцож, Үндсэн хуулийн Цэцэд өгч шийдүүлэх хэрэгтэй” гэж хуралддаг.

Хамгийн сүүлд, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд “Одоо байгаа ерөнхий шүүгч Д.Ганзориг солигдоогүй үед нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй. Энэ бүх газруудын цаана нууцаар байранд орсон. СӨХ-той хуйвалдсан хүмүүс бүгд шүүгч нар байгаа. Шүүгч нар хэргээ ч шийдэж чадахаа больсон. Тийм учраас би парламентыг уриалж байна. Үүн дээр сонсгол хийх ёстой. Олон нийтийн мэдэх эрхийг хангах ёстой. Тэр шүүгч нарт хандаж хэлэхэд . Мега төслүүдийн ард байгаа бүх шүүгчийн асуудлыг нэг л өдөр парламент ярина гэдэгт би огт эргэлздэггүй. Шүүгч нар нь өөрсдөө авлигач, тэд нар яаж авлигатай тэмцэх юм. Мега төслүүдийн ард байгаа бүх зүйл Захиргааны хэргийн шүүх дээр гацсан. Тавантолгой цахилгаан станц шүүх дээр л гацсан” гэсэн юм.

Харин шүүх энэ сарын 27-ны даваа гаригт ШЕЗ-өөс хууль ёсыг дээдлэхийг Ерөнхий сайд Танд мэдэгдье гэх агуулгатай бичиг гаргасан бол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мөн мэдэгдэл гаргаж УИХ-ын нээлттэй чуулганы хуралдаанд болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хариуцлагагүй мэдээлэл удаа дараа хийж байгаа нь шүүн таслах ажиллагаанд сөргөөр нөлөөлж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах, шүүхийн бие даасан, хараат бус байдалд нөлөөлөх үр дагаварт хүрч болохыг дурдах нь зүйтэй гэжээ.

Эндээс нэг зүйл харагдаж байна. Тэр нь, Ерөнхий сайд “зарим шүүгч”-ийн эвгүй асуудлын тухай ярьж, ШЕЗ болон Захиргааны шүүхээс “шүүхийн нэр хүнд, хараат бус байдал”-ыг хамгаалж мэдэгдэл гаргажээ.

Өөрөөр хэлбэл, нэг талаас зургаан шүүгчийн “нууц”-ыг хөндөхөд нөгөө талаас “шүүхийн нэр хүнд”-ээр хамгаалж байгаа дүр зураг харагдаад байгаа юм. Ерөнхийдөө, “Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино” гэдэг л болчихсон хэрэг л дээ.

Гэхдээ олон нийт ойлгож хараад байгаа шиг шүүгч нар өөрсдөө бас үүнийг ухах учиртай. Шулуухан хэлэхэд, . Хэрэв Ерөнхий сайдын хэлсэн фактыг бүх шүүгч үйлддэг бол энэ шүүх байгууллага чинь яаж ингээд байж байх вэ дээ.

Мэдээж хэрэг, энэ нь Ерөнхий сайдын хэлсэн үг болохоор зүгээр нэг гудамжны дэл сул яриа гэж харагдахгүй байна. Тэр агуулгаараа, тэдгээр тав, зургаа буюу хэдхэн шүүгчийн асуудал илүү тодорхой яригдах биз. Харин тэр цагт зургаахан шүүгч нь шүүх эрх мэдлийн нэр хүнд болоод 600 шүүгчийн нэрээр бамбай хийгээд үлдэж байгаа нь харамсалтай л явдал болж хувирах вий. Учир нь шүүхийн нэр хүнд нь шүүгч бүрийнхээс нийлж бүрддэг.

Урьд нь улс даяар мэдэгдсэн зохисгүй үйлдлүүдийг зарим шүүгч гаргаж шүүх болон Шүүхийн сахилгын хороо асуудлыг шийдэж л байсан.

Ганцхан жишээ дурдахад, ковидын үеэр нэр бүхий шүүгч нар өмгөөлөгч, мөрдөх байгууллагын гүйцэтгэх ажилтнуудтай “уулзсан” талаар нийтээрээ мэднэ. Тэр асуудлыг Шүүхийн сахилгын хороо хэлэлцэх үед нэг шүүгч нь 2021 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр олон нийтийн цахим хэрэгсэл болох фэйсбүүк, твитер зэрэг цахим хуудсаар “Хонгилын шүүгч нар, шүүхийнхний завхайрал” гэх мэтээр тэр өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх ... хотхоны ... тоотод болсон найз нөхдийн цугларалтын бичлэгийг тус байрны СӨХ-ны хяналтын камераас хийж аван, хууль бусаар мөрдөн мөшгөж, олон нийтэд хууль бусаар тараасан хууль зөрчсөн явдалд миний бие Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу мэдэгдээгүй анхаарч үзнэ үү. Миний бие уг асуудалд холбогдсондоо маш их харамсаж байгаагаа үүгээр илэрхийлж байна” гэж байв.

Харин Шүүхийн сахилгын хороо шийдвэр гаргахдаа “Холбогдох шүүгч нар Ковидоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ буюу хөл хорионы хязгаарлалтын үед, ажлын өдөр, ажлын цагаар олноороо цуглан, өмгөөлөгч болон АТГ-ын ажилтантай уулзаж, архидан согтуурсан нь шүүгч нийтээр дагаж мөрдөх хууль, Засгийн газрын шийдвэрийг биелүүлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид хамаарах “өмгөөлөгч”, “АТГ”-ын ажилтантай “найз нөхөд” нэрийн дор уулзсан. Мөн “Шүүгч болон бусад этгээд нь цахилгаан шатанд биеэ зохисгүй байдлаар авч явсан нь олон нийтэд цацагдсан” зэрэг нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хөсөрдүүлж, шүүхийг жигшин зэвүүцэх ард түмний дургүйцлийг бий болгосон, шүүхийн өндөр нэр хүндэд ноцтой хохирол учруулсан төдийгүй шүүхийн тогтолцоонд бүхэлд нь сөргөөр нөлөөлөх хэмжээний зохисгүй үйлдэл гэж ойлгогдохоор байна” гэсэн байдаг юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Б.БАЯР

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.