Таван настай Муртаза Ахмади хүү алдарт хөлбөмбөгчин Лионил Мессигийн үнэнч шүтэн бишрэгч гэдгээ харуулж цагаан цэнхэр өнгийн гялгар уутаар Аргентины багийн өмсгөлийг дуурайлган хийсэн нь сошиалд цацагдаж, олон хүний хайр хүндэтгэлийг хүлээж байсан.
Бяцхан хүүгийн чин сэтгэлийн хүсэл тэмүүллийг хүндэтгэж Катарт Месситэй уулзуулсан нь хоёр жилийн өмнөх үйл явдал билээ. Энэ жил долоон нас хүрсэн хөлбөмбөгийн хорхойтон, Мессигийн үнэнч шүтэн бишрэгч Муртаза хүү хоёр дахь удаагаа орон гэрээсээ дүрвэжээ.
Муртаза хүү дэлхийд танигдсаны дараа Талибаны зэвсэгт бүлэглэл түүний гэр бүлд заналхийлснээр эх нутгаа орхин Пакистанд орогнож байсан ч үргэлжлүүлэн амь зуух боломжгүй болсон тул Афганистанд эргэн ирсэн байна.
Тэднийх Афганистаны зүүн өмнөд Газни мужид амьдарч байсан ч Талибчууд дахин заналхийлснээр нийслэл Кабул хот руу дүрвэсэн тухай мэдээлжээ. Талибанчууд хүүгийн гэр бүлээс “та нар Месситэй уулзаж авсан мөнгөө өг, үгүй бол хүүг чинь авна” хэмээн сүрдүүлсэн тухай ээж нь ярьсан байна.
“Гялгар уутаар орлуулсан өмсгөлтэй хүүгийн зураг интернэтэд тархаж, Месси хүүд өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө өгснөөс өөр үнэ цэнэтэй зүйл үгүй” гэж эмэгтэй үргэлжлүүлэн хэлжээ.
Тэдний амьдарч байсан Газнид Афганистаны Засгийн газар хяналтаа тогтоосон ч стратегийн чухал бүс тул зэвсэгт этгээдүүдийн зөрчил мөргөлдөөн үргэлжилсээр байгаа. Тиймээс сүүлийн хоёр жил Муртазаг сургуульд ч явуулж чадаагүй байна.
Муртаза хүү AFP мэдээллийн агентлагт өгсөн яриандаа “Би Мессиг санаж байна, хэзээ нэг өдөр дахин уулзана гэдэгт итгэсээр байгаа” гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com