Төрийн банк, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Энэхүү санамж бичгийг байгуулснаар иргэд Төрийн банкны салбар нэгжүүдэд байрлах КИОСК машинаас төрийн 12 байгууллагын 66 төрлийн лавлагаа мэдээлэл, тодорхойлолтыг үнэ төлбөргүй авах боломжтой болох юм.
“Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газaр”-аас төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа төдийгүй энэ удаа Монгол орон даяар хамгийн олон салбар нэгж хамгийн олон харилцагчтай Төрийн банктай хамтран ажиллаж байгаа нь төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн сайжруулахад нэг шат ахисан томоохон үйл явдал юм.
Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээнд Төрийн банкны Бизнес хариуцсан Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Сугар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Арга хэмжээний үеэр талууд төр, хувийн хэвшил хамтран цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нь иргэдийн цаг хугацааг хэмнэх, цаасны хэрэглээг бууруулах, хариуцлагатай, тогтвортой хэрэглээг дэмжихэд чухал ач холбогдолтой болохыг онцолж байна.
Мөн энэ төрлийн үйлчилгээг мэдээллийн технологийн дэд бүтэц хөгжсөн дотооддоо тэргүүлэгч банкаар дамжуулан олгох боломжтой болж байгаа нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад бодитой дэмжлэг болж байгаа аж.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсээсээ хаашаа ч явсан 20 минутад төрийн үйлчилгээг авдаг байх стандартыг 486 байршил дахь “ХУРДАН” цэг, 237 байршил дахь “ХУРДАН” киоск машин, хөдөлгөөнт “ХУРДАН” цэгээр тус тус дамжуулан хүргэж байгаа билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.