УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Анхны 126 гишүүнтэй парламент намрын чуулганаа дуусгалаа. Хууль зүйн байнгын хороо энэ чуулганы үеэр онцлох ямар хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаар та мэдээлэл өгөхгүй юу?
-Ер нь ажилласан цаг, шийдсэн асуудлынхаа тоо, цар хүрээгээр аваад үзвэл манай байнгын хороо хамгийн эрчтэй ажиллалаа. Онцлоод хэлэхгүй юу гэсэн болохоор гол хэдэн асуудлыг дурдъя. Тухайлбал, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цагдаагийн алба хаагч тухайн хүнийг зургаан цаг түр саатуулах хугацааг цагдаагийн байгууллагад хүргэснээр тооцож эхэлдэг байсныг болиулж тухайн этгээдийг саатуулсан үеэс эхлэн тооцохоор хуульчиллаа. Үндсэн хуулийн Цэцийн 2024 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлээр цагдаагийн алба хаагч нь үйлдвэрчний эвлэлийн гишүүн байхыг хориглосныг болиулж, шаард лагатай зохицуулалтыг оруулахаар ажиллаж байна. УИХ-ын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах, үр дагаварт үнэлгээ хийх, тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх зорилтын хүрээнд Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандахаас ангид байх эрхийн хэрэгжилт, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хяналтын сонсголыг 37 төрийн байгууллага, 87 иргэн, хуулийн этгээд, хоёр ажиглагчийг оролцуулан зохион байгууллаа.
Энэхүү хяналтын сонсголыг зохион байгуулсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Хууль зүйн байнгын хорооны тогтоолыг баталж Засгийн газар болон холбогдох яам, төрийн байгууллагуудад үүрэг, чиглэл өгч, мөн Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.
-Тэгвэл хаврын чуулганаар ямар хуулийн төслүүдийг өргөн барихаар төлөвлөж байгаа вэ?
-Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, миний өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн сайд О.Алтангэрэл өргөн мэдүүлсэн. Товчхондоо хэлэхэд, дээр дурдсан олон хууль тогтоолууд амьдралаас хол мэт сонсогдож байгаа боловч бодит байдал дээрээ яг л иргэдийн эрх чөлөө, өдөр тутмын амьдрал, үйл ажиллагааны зохицуулалтуудыг л сайжруулахад чиглэсэн байгаа юм. Цагдаагийн хуулинд орсон өөрчлөлтүүд л гэхэд иргэний эрх чөлөөнд хуулийн дагуу халдах тохиолдолд хугацааг үзэмжээр сунгахгүй байх тухай байгаа. Хууль тогтоомжийн хуульд орж буй өөрчлөлт бол албан байгууллагын дунд шатны дарга, албан тушаалтнууд өөрийн үзэмжээр дүрэм журам боловсруулж, х уулиар олгогдсон эрхээсээ давсан мэдэлтэй болчихоод иргэдийн амьдралыг “журамлан дэглэж”, хүндрүүлээд буйг цэгцлэхэд чиглэсэн алхам. Ийнхүү дунд шатны дарга нарын эрх мэдлийг журмаар зузаатгаад буй явдлыг зогсоохгүйгээр хүнд суртал, түүнээс үүдэх авлига зогсохгүй. Манай байнгын хорооноос гаргаж байгаа шийдвэр бүр ийм үндсэн зорилтыг биелүүлэхэд чиглэгдэж байна.
-Танаас гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуулт асууя. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тодорхой үндэслэлүүд байдаг. Тухайлбал, шүүхээс гэм буруутай гэж үзвэл эгүүлэн татах үндэслэл болдог. Тэгэхээр Д.Цогтбаатар гишүүний хувьд шүүхээс гэм буруутай гэж үзсэн. Зарим хүмүүс татах ёстой гэж байна. Гэхдээ нэгэнт сонгогдоод гараад ирсэн төлөөллийг заавал эгүүлэн татахгүйгээр бүрэн эрхийг нь дууссаны дараа асуудлыг нь шийддэг болох ёстой ч гэж байна. Нөгөөтэйгүүр энэ парламентын гишүүдээс нэгийг нь л эгүүлэн татаад явуулчихвал гишүүдийн тогтвортой ажиллах дархлаанд сөрөг нөлөө үзүүлнэ гэж харж байна уу?
-Энэ бол харьяаллын хувьд яг манай байнгын хорооны асуудал биш. Гэхдээ Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд цэвэр хуулийн хүрээнд л байр сууриа илэрхийлье. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл миний хувьд яг л хууль, бодит фактад тулгуурлан асуудалд хандана гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээрт, асуудал шүүхээр эцэслэн шийдэгдсэн гэдгийг онцолмоор байна. Тиймээс шийдвэр гарсан хугацаанаасаа хүчин төгөлдөр. Үүн дээр хаана ч маргаан байхгүй байгаа. Хоёрдугаарт, шүүхийн шийдвэрээ харин хэрэгжүүлж эхлэх хугацаа чинь хаанаас вэ гэдгээс их зүйл хамаарна. Энэ нь урьд өмнө огтоос тулгарч байгаагүй эрх зүйн үр дагаврыг үүсгэнэ. Иргэн хүний үйлдсэн гэж шүүхийн тогтоосон гэмт хэргийн хуулийн хариуцлага, үр дагаврыг гишүүн болсон хойно нь тооцож, хэрэгжүүлнэ гэдэг гишүүн хүний үйлдсэн гэмт хэргийн дагуу авах арга хэмжээ, үр дагавраас процедурын хувьд өөр байхаар л харагдаад байгаа. Энэ утгаараа урьд өмнөх тохиолдлуудаас арай өөр дэс дараатай, дэг журамтай байж болзошгүй. Үүнийг эрх зүйн хувьд ийнхүү нарийвчилж харахгүй бол болохгүй. Хэд хэдэн байгууллагын шийдвэр, УИХ-ын зарим шийдвэрийн ч хүчин төгөлдөр байдал сөхөгдөж болзошгүй. Энэ асуудал руу гүн оролгүй, гэхдээ цэвэр эрх зүйн өнцгөөс нь дүгнэхэд л ийм асуудлууд гарахаар байгаа юм. Гуравдугаарт, таны хэлсэнчлэн УИХ-ын гишүүнийг шүүхээс нэгэнт гэм буруутай гэж шийдсэн тул эгүүлэн татах үндэслэл бүрдээд байгаа нь үнэн. Гэхдээ шүүхээс шийтгэх тогтоол нь албан ёсоор гарсны дараа энэ талаар ярих нөхцөл бүрдэнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэнэ гэдэг бол уг шийдвэрийнх нь үг, үсэг болгоныг хэрэгжүүлнэ гэсэн үг. Тэр үг, үсэг бүхий шийдвэр байхгүй байхад “шийдвэрт тэгж л заасан байж таараа, ойлгомжтой шүү дээ” гэсэн байдлаар багцаалан хандана гэсэн ойлголт байж болохгүй. Тэгэхээр тийм шийдвэрийн тодорхой тогтоолыг үг, үсгээр та ч, би ч, энэ УИХ-д хэн ч хараагүй байгаа. Бид бүгд олон нийттэй адилхан хэвлэл мэдээллээр авсан мэдээлэлтэй л байцгааж байгаа. Иймд энэ асуудлаар одоогоор нарийвчлан яриад байх нь боломж хязгаарлагдмал байна.
-Хамтарсан Засгийн газраас мега төслүүдээ зарлан батлуулсан. Яг одоогоор хэдэн төсөл хөдлөх эрх зүйн болоод хөрөнгө оруулалтын орчин нь бүрдчихээд байгаа вэ?
-Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд дөрвөн тэргүүлэх чиглэлийн хүрээнд 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийг тусгаж баталсан. 2025 оны төсвийг алдагдалгүй болгон багахан шиг танаж батлахдаа ч мега төслүүдийн хэрэгжилтийг бодолцон тусгаж баталсан байгаа. Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийг ч урагшлуулахаар шаардлагатай хууль, тогтоол, шийдвэрүүдийг УИХ шийдэмгий гаргаад өглөө. Одоо хэрэгжүүлэх л үлдлээ. УИХ-ын зүгээс одоо харин үр дүн шаардаж, шийдвэрүүд болон бодлогынхоо хэрэгжилтийг хянаж ажиллах л үлдлээ. Харин мега төслүүд гэж яриад жинхэнэ мега төслүүдээ олж харахгүй, жижиг мэт андуу ширвээд өнгөрч болохгүй гэдгийг гишүүд сануулж, ажиллах хэрэгтэй.
-Энэ нь юу гэсэн үг вэ?
-Мега төслүүдийн дүнд монголчууд ажилтай, орлоготой, ахисан амьдралтай болох ёстой гэдгийг мартаж болохгүй гэсэн үг. Улс орон гэх том ойлголтын дэргэд нэг иргэний асуудал жижиг зүйл мэтээр сэтгэж, тэнгэрээр дэвж нисэх юм бол нэг нэгээр л тоологдох бүх иргэдийн амьдрал орхигдоно. Үүний цаана хөгжил эзгүйрнэ. Харин тендерчид, авлигачид зоолно. Харахад том гүүр, замууд, түүгээр нь давхилдах инфлүүнсэрүүдийн төлбөртэй ганган хээнцэр лайв, сторинууд, харин амьдрал дээрээ ажилгүй, бусдын гар харсан иргэдтэй хоцрохоос л сэргийлэх хэрэгтэй. Тэгэхээр ажилтай орлоготой бас эрх чөлөөтэй иргэн гэдэг бол мегагийн мега төсөл. Ардчилал, эрх чөлөө гэдэг нь эрх чөлөөтэй иргэн мега төслийн оршихуйг тодорхойлох суурь мега төсөл. Энэ хоёр мега төслийн суурийг хөндөхгүйгээр хэрэгжих мега төслийг л XXI зуунд мега гэж би ойлгоно. Түүнээс иргэн хүн ормогц өөрт нь өчүүхнийг нь мэдрүүлэхэд чиглэсэн дундад зууны хаад ноёдын гигантомани хийрхлийн бэлгэдэл болсон том сүм хийдүүд, язгууртанлаг орд харшууд мэт агуу нүсэр байгууламжуудын аястай мега төслүүд байваас, тэдгээр нь Монголд хэрэггүй.
-Татварын асуудалд иргэд үнэхээр бухимдангуй байна. Татвараа хөнгөлөх, зарим татварыг бүр болиулах, ер нь энэ татвартай холбоотой эрх зүйн ямар өөрчлөлт дутагдаж байна гэж та хардаг вэ?
-Төр улс байгаа бол татвар байх нь зайлшгүй үнэн. Үүнээс зугтахгүй, төлдөг байх нь өөрийн төр улстай, туурга тусгаар амьдрахын үндэс. Гэхдээ уг татвар нь шударга, алагчлал ялгаварлалгүйгээр үйлчилдэг байх ёстой. Мөн эдийн засаг, үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадавхтай уялдсан байх ёстой. Эдгээр шинж чанарыг өөртөө агуулсан татварын тогтолцоо дарамт биш, хөгжлийн хөдөлгүүр болон үйлчилдэг. Энэ үүднээсээ татварын бодлого нь үндэсний үйлдвэрлэгч, ажлын байр бий болгогчдыг дэмжих, бизнесийн тогтвортой таатай орчныг бүрдүүлэхэд чиглэх учиртай. Гэтэл төрөл бүрийн журмаар бий болсон төлбөр, хураамж нь татвараасаа ялгаагүй ачаалал үүсгэж байгаа нь бизнесүүдэд нэмэлт дарамт учруулж байгаа. Үүний хажуугаар хүнд суртал, түүний даган үүсдэг авлигын сүлжээ ажил хэрэгч хүмүүсийн бизнес урмыг хугалж байна. Энэ бүгд бизнесүүдийн нуруун дээр ирж буй төрийн дарамт. Иймд татварын шинэчлэлийг тодорхой үе шаттайгаар зохион байгуулах шаардлагатай байгаа юм. Эхний ээлжинд иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд санхүүгийн ачаалал, хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй хууль тогтоомжид нийцээгүй төлбөр, хураамж, хөлс зэргийг хүчингүй болгох талаарх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Татвар хураамжуудын нийлбэр дарамтыг нарийвчлан тооцож, бизнесүүдийг урамшуулах үүднээс ачааллыг нь бууруулах арга замыг эрэлхийлэх л хэрэгтэй. Мөн зээлийн хүүгийн бодлого, мөнгөний бодлогоо дэлхийн болон бүс нутгийн зах зээлийн динамик өөрчлөлттэй уялдуулан боловсронгуй болгох шаардлага ч бий.
-Макро эдийн засгийн тогтвортой байдал ч нөлөөлнө гэж эдийн засагчид хэлдэг. Энэ бас татварт нөлөөлөх чухал асуудал уу?
-Макро эдийн засгийн бодлогын тогтвортой байдал маш чухал. Тухайлбал, мөнгөний оновчгүй бодлого явуулахад гарах үр дагавар нь инфляци. Инфляци өсөхөд татвар хичнээн бага байгаад ч харагдахгүй “татвар” мэт бизнесүүдийн орлогыг инфляци авч одно. Гадаад худалдааны бодлогоо унагаж, Монголын экспортын бүтээгдэхүүний гадаадад зах зээлд нэвтрэх боломжийг боймлоход гадаад валютын нийлүүлэлт доройтож, төгрөгийн ханш унана. Энэ нь эргээд л иргэдийн бодит орлогыг үнэгүйдүүлнэ. Өөрт чинь танил сонсогдож байгаа биз. Яг ийм хүндрэлүүдийн дундуур л бид чинь явж ирлээ. Макро эдийн засгийн бодлого нь тогтворгүй, татварын орчин нь оновчгүй хэрнээ тогтворгүй, хуулиуд нь мөн тогтворгүй. Улс төр нь тогтворгүй, авлигатай. Хэт үндсэрхэг байвал гадаадын хөрөнгө оруулалтын тухай бодоод ч хэрэггүй. Гадаадын хөрөнгө оруулалтгүй бол мега төслүүдийг бас ярих хэцүү л болно. Энэ бүгд эдийн засгийн хөгжлийг нэг талаасаа боймлоод, нөгөө талаасаа улстөрчид нь сайхан амьдрал амлан хэтийдсэн мөрөөдлийн зорилтууд тавиад, төрийн өмчийн компаниудаараа хийлгэнэ гээд хийрхээд байвал татвар угаасаа бууна гэдэг нэн хэцүү. Тиймээс хувийн хэвшлээ л бэхжүүлэх нь чухал аврал. Ядаж татвар талаас нь харвал тэд бидний төлсөн татвараар юу хийгээд байгаагаа тайлагна гэдэг шахалтыг илүү шургуу тавина.
Мөн татварыг оновчтой байлгахыг байнга шаардаж, шахна. Ийм учраас л хувийн хэвшлийг дэмжиж, эдийн засаг дахь төрийн жинг бууруулахаар сүүлийн 3-4 жил дуугарсаар, зүтгэсээр ирсэн.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгүүлч Э.Мөнхтүвшин
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.