Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдааны бүртгэл эхэлжээ. Үзэсгэлэн худалдаа 2025 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 27-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд нэг сар үргэлжлэх юм. Уг үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үйлдвэр эрхлэгчид түрээсийн төлбөргүй оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулах боломжтой юм байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс мэдээлэл хийлээ.
“Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Д.Ундармаа:
-Нийслэлийн Засаг даргын санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, есөн дүүргийн 1000 орчим үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч оролцоно. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 50 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулагдана. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид энэ арга хэмжээнд идэвхтэй оролцдог. Худалдаа эрхлэгчдэд лангуу, талбайг үнэ төлбөргүй ашиглуулна. Тэр хэрээр бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ хамгийн хямд үнээр худалдан борлуулна.
Иргэд Сар шинийн баярын бэлэг сэлтээ цуглуулах гэж ихэвчлэн БНХАУ руу явдаг. Иймд нийслэлийн зүгээс Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ сонгохыг иргэдэд уриалж ирсэн.
Монгол Улсын хэмжээнд Сар шинийн баяраар 1.3 их наяд төгрөг валют болж урд хөрш рүү гардаг гэсэн судалгаа бий. 2023 онд гэхэд “Амар байна уу” үзэсгэлэнгийн хүрээнд худалдаа эрхлэгчид 40 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулж, орлого олсон байдаг. Өнгөрсөн 2024 оны үзэсгэлэнгээр иргэд, аж ахуй нэгжүүд 51.8 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлсэн байна.
Цаашид импортын бүтээгдэхүүнийг орлох үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд энэ үзэсгэлэн худалдааны зорилго оршиж байна. Өнгөрсөн жил тус арга хэмжээний үеэр 20 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэж, 230 мянга гаруй иргэнд үйлчилсэн. Арга хэмжээний хүрээнд үндэсний соёл урлагийн тоглолт зохион байгуулна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.