Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны зохион байгуулагч О.Сайнбаяр, тус албаны гэрээт ажилтан Э.Цэнгэлмаа, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Э.Номинзул, Азийн хөгжпийн банкны Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн М.Сэргэлэн, ЦОБА ХХК-ийн менежер М.Батбаяр, иргэн Ж.Эрдэнэсайхан, А.Сэсэнжав, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр боллоо.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд уг хэргийг хэлэлцээд зарим үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж дүгнэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан аж.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Гачууртад ЦОБА ХХК-ийнхан “Хадат вилла” төслөө хэрэгжүүлэхийн тулд иргэдээс худалдан авсан газраа тус компанийн захирал Ц.Баасандоржийн эхнэр Ж.Галмандахын нэр дээр бүртгүүлж, 15 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ авчээ. Үүний тулд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны зохион байгуулагч О.Сайнбаярт ЦОБА ХХК-ийн лиценз менежер гэх албан тушаал хашдаг М.Батбаяр 2023 оны нэг болон гуравдугаар сард хахууль өгсөн хэрэгт холбогдсон байна.
Мөн иргэн Ж.Эрдэнэсайхан, А.Сэсэнжав, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр болон тэдний хамаарал бүхий хүмүүст газрын гэрчилгээ гаргуулах нөхцөл байдлыг бүрдүүлж өгснийхөө төлөө 1-10 хүртэл сая төгрөгийн хахууль авсан хэрэгт О.Сайнбаярыг буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан юм. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II гэрээт ажилтан Э.Цэнгэлмаа нь ээж, эгч нарынхаа гэр бүлд давуу байдал бий болгож, Улиастайд газар эзэмших гэрчилгээ гаргуулсан, Э.Номинзул, М.Сэргэлэн хамаарал бүхий 10 хүндээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Шарын аманд тус бүр нь 700 ам метр газар эзэмшүүлэх гэрчилгээ гаргуулан авч, найман сая төгрөгийн хахууль О.Сайнбаярт өгсөн хэрэгт холбогдсон. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх есөн хүнд холбогдох хэргийг 2024 оны аравдугаар сарын 30-нд хэлэлцээд О.Сайнбаярын ЦОБА ХХК-ийн менежер М.Батбаяраас хоёр удаа хахууль авсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна.
Ингээд О.Сайнбаярыг хахууль авсан, албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, гурван жил хорих ял шийтгэжээ. Бусдад нь нийтийн албанд ажиллах эрхийг 2-3 жил хасаж, 2.7-6 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.