УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцжээ.
Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн тус хэлэлцээрийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Байнгын хорооны хуралдаанд танилцуулжээ.
“Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаар тогтоолын 2-т “Энэ тогтоолыг хэрэгжүүлэхдээ Засгийн газар хоорондын хэлэлцээр, Ажлын хэсгүүд хоорондын албан ёсны хэлэлцээний протокол, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны гэрээнүүд байгуулах, шаардлагатай бол эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хууль тогтоомжийн төсөл санаачлах чиглэлээр ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай” гэж заасан. Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бодлогын үндсэн 4 чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал барихаар тусгасан.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр нийт экспортын хүчин чадал 40 сая тонноор буюу Гашуунсухайт-Ганцмод боомт 20 сая тонн, Ханги-Мандал боомт 10 сая тонн, Шивээхүрэн-Сэхээ боомт 10 сая тонноор нэмэгдэнэ хэмээн Ц.Туваан сайд танилцууллаа. Энэ хүрээнд экспортын орлого 2 дахин, төмөр замаар нүүрс тээвэрлэх хүчин чадал 3 дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэж, улмаар тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчдод ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэх ач холбогдолтой хэмээн танилцуулав.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.1.1-т “Уул уурхайн салбарын түүхий эдийн боловсруулалтын түвшин болон хүнд үйлдвэрлэлийн хүчин чадлыг өсгөж, экспортын орлогыг нэмэгдүүлнэ”, 3.3.2.2-т “Хил дамнасан төмөр замын холболтыг барьж, хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбож, ачаа тээврийн терминалуудыг байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг жилд 100.0 сая тоннд хүргэнэ” гэж тус тус заасан. Уг хил дамнасан төмөр замыг бүтээн байгуулснаар Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэх бөгөөд хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой гэв.
Түүнчлэн Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээр байгуулснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээ жилд 30 сая тонн түүнээс дээш, Таван толгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 хүртэл сая тоннд хүргэх, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх боломж бүрдэх аж. Хоёр улсын төрийн тэргүүн нарын 2014 онд баталсан Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал хэрэгжих нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн салбар, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа эрчимжих хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдгийг Ц.Туваан сайд танилцуулав. Үүний нөлөөгөөр эдийн засгийн өсөлт жил бүр 0.8 нэгж хувиар нэмэгдэх боломжтойн дээр ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүрэх, эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах, инфляцыг 5 хувьд барих зэрэг эдийн засгийн болон стратегийн чухал ач холбогдол, үр нөлөөтэй хэмээн үзэж байгаа аж.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 78.6 хувь нь “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжив.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.