"Улаанбуудайн импортын татвар тэглэснийг хүчингүй болгосон" талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хэлсэн.
УИХ-аас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль баталсантай холбогдуулан хэрэгжилтийг хангах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.
Уг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баярбаатар улаанбуудайн импортын татвар тэглэсэн шийдвэрээ үргэлжлүүлж байж гурилын үнэ тогтвортой байна гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Гурил үйлдвэрлэдэг гурван үйлдвэр дотоодын зах зээлийн 78 хувийг эзэлж байна. Бидний хийсэн судалгаагаар өнгөрсөн жилүүдэд бензиний үнэ 58 хувь өссөн байхад нэгдүгээр зэргийн гурилын үнэ 92 хувь өссөн байна. Энэ баримттай асуудал. Иргэдэд мэдэгдэхгүйгээр гурилыг чимээгүй 10, 20 төгрөгөөр нэмж байдаг.
Өнөөдөр бид цөөхөн хэдэн үйлдвэрийн монопол эрхийг дэмжих үү. Нийт ард иргэдийн эрх ашгийг хамгаалах нь зөв үү. Манай Монголын хөрсөнд ургасан тариалан эрхлэлтийн 29 хувь нь шаардлага хангаж байна. Гэтэл импортоор орж ирж байгаа улаанбуудайны 83 хувь нь шаардлага хангаж байна.
Хэрэглэгчдэд сонголтыг нь үлдээнэ. Аль чанартай боломжийн үнэтэйг л гадаад дотоод гэлтгүй авна.
Гурилын үнэ өнгөрсөн жилийн өдийд 4000 төгрөгт хүрсэн. Үүнтэй холбоотойгоор импортын татвар тэглэсэн. Тодорхой хэмжээнд гурилын үнэ буурч тогтворжсон. Гурилын үнийг тогтвортой байлгахын тулд улаанбуудайн импортын татвар тэглэсэн шийдвэрээ үргэлжлүүлэх ёстой гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.