"Улаанбуудайн импортын татвар тэглэснийг хүчингүй болгосон" гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хэлэв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр:
-2023, 2024 оны өвөлжилт, хаваржилт нэлээд хүнд байж мал аж ахуйн салбарт хүнд нөхцөл үүссэн. Өөрөөр хэлбэл, 1 тэрбум орчим ам.долларын хохирол учирсан. Уг хохирлыг бууруулахын тулд УИХ шийдвэр гаргаж гурилын болон улаанбуудайн малын тэжээлийг татваргүй оруулж үнийн хөөрөгдлийг барих зохицуулалтын арга хэмжээг тухайн үед авсан. Энэ хугацаанд 80 мянга гаруй тонн гурил татваргүй орж ирсэн. Мөн хэмжээний малын тэжээл ОХУ-аас орж ирсэн. Энэ арга хэмжээ нь тухайн үед үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлсэн.
Гэсэн ч гадаадаас импортын улаанбуудай, гурил авснаас үүдэж дотоодын үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлсөн. Тухайлбал, улаанбуудайн тариалалт багасаж, гурилын үйлдвэрлэл буурсан буюу 3-4 үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон. Мөн дахин 3-4 үйлдвэр үүд хаалгаа хаахад хүрээд байна. Улаанбуудай тариалах цаг үе ойртож байгаа улаанбуудай тариалах боломжгүй эрсдэл үүсэж байна. Иймд өмнөх хууль тухайн үедээ үр өгөөжөө өгсөн. Тиймээс улаанбуудай, малын тэжээлээ өмнөх импортын татварын дагуу авах нь зөв гэж үзсэн.
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотооддоо зайлшгүй үйлдвэрлэх 19 нэр төрлийн багц бараа бүтээгдэхүүнийг зарласан. 200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн шинээр бий болсон. Импортын бараа 1 их наяд төгрөгөөр буурсан. Дотоодын үйлдвэрүүд сэргэж байгаа. Тиймээс улаанбуудайгаа дотооддоо үйлдвэрлэх нь зүйтэй. Ингэхийн тулд дотоодын үйлдвэрүүдийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.