СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-24

Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэх нь зүйтэй гэж үзжээ

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцууллаа.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь:

-УИХ-аас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, мөн өдрийн “Хот байгуулах тухай” УИХ-ын 76 дугаар тогтоолоор Шинэ Зуунмод хотыг байгуулж, нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх стратегийн ач холбогдол бүхий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хот байхаар заасан юм. Шинэ Зуунмод хот нь хуулиар тусгайлан тогтоосон чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалт, эдийн засагтай, нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх, Төв аймагтай бүх талаар хөгжлийн интеграцад орж хотын эдийн засгийн үр ашгийг хамт бүрдүүлэх үүрэгтэй юм.

Хотын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд тус төслийг олон улсын түвшинд сонирхолтой, хөрөнгө оруулалтыг татах тохиромжтой нөхцөлөөр танилцуулах, цаашид дэлхийд танигдсан хот болгон хөгжүүлэхэд хотын нэр чухал үүрэгтэй. Гэтэл. Олон улсын туршлагаас үзэхэд хотын нэрийг тухайн улс орны талаарх төсөөллийг бий болгох соёлын өв түүхийг онцолж, олон улсын санхүү, бизнес, аялал жуулчлалын төв, ухаалаг хот гэдгийг илэрхийлж чадахуйц, олон улсад дуудах бичихэд хялбар, ойлгомжтой байдлаар тогтоох нь цаашид маркетингийн стратегийг өргөн хүрээнд төлөвлөх боломжийг бүрдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл хотын оноосон нэр нь улс орны хөгжил төдийгүй түүх, соёл, байгаль орчин, эдийн засгийн чадамж зэрэг бусдаас ялгарах онцлог болон хотын хөгжлийн зорилго, ирээдүйг бүрэн илэрхийлснээр олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, түншлэл дэмжлэгийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна.

Монголчууд эртнээс төрт ёсны түүхтэй Евроази төдийгүй дэлхий дахинд нэр алдар нь түгсэн эзэнт гүрнүүдийн өлгий нутаг бөгөөд Евроазийн хээр талд нүүдлийн иргэншил давамгайлан хөгжсөнөөр Хүннү нар Төв Азийн тал нутагт төрийн зохион байгуулалттай хүчирхэг нүүдэлчдийн төрт улсыг үүсгэн олон улсын худалдаа Торгоны замыг хяналтдаа авч, Евроазийн түүхэнд гүнзгий ул мөр үлдээсэн байдаг. Тиймээс Монгол Улсын талаар төдийгүй шинэ хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, төслийн зорилтыг цогц байдлаар илэрхийлэх зорилгоор .

“Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт энэхүү хотыг Хөшгийн хөндийд байгуулагдсан Чингис хаан олон улсын нисэх буудлийг түшиглэн Монгол Улсын тээвэр ложистикийн гол төв байхаар төлөвлөж, цаашид Зүүн Хойд Азийн агаарын зорчигч тээврийн нэгдсэн зангилаа төв болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлж байгааг Ж.Батсуурь сайд онцолсон. Энэхүү дагуул хот байгуулагдсанаар Улаанбаатар хотын төвлөрөл тодорхой хувиар буурахаас гадна Богд Хаан төмөр зам, чөлөөт бүс, тээвэр ложистикийн төв болж Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 10-15 хувиар тэлэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзэж буйг илэрхийлсэн.

Энэ хотод төр, захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолбор байрлах бөгөөд олон улсын нисэх буудлийг түшиглэн олон улсын дээд хэмжээний уулзалт, арга хэмжээг зохион байгуулах цогцолбор байгуулж, үйлчилгээний менежмент аюулгүй байдлыг хангах тогтолцоог бий болгохоор төлөвлөжээ. Тиймээс дээрх зорилтод нийцсэн, амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй, ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилг,о олон улсын чиг хандлагыг харгалзан Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэх нь зүйтэй гэж үзжээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хотын хувьд Улаанбаатар хотод ирж байгаа төвлөрлийг задалж суурьшлийг тэнцвэржүүлэн, зам тээвэр ложистикийн үйлчилгээ, дэд бүтцийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж тооцжээ.

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.