Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Хятадын хөрөнгө оруулалттай “Спек” ХХК-ийнхан химийн хор, аюул өндөртэй бодисыг хилээр нэвтрүүлсэн хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
Хайлуур жонш олборлох, баяжуулах чиглэлээр Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг тус компанийнхан 2024 оны зургаадугаар сарын 4-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Бичигт боомтоор химийн бодис өмнөд хөршөөс оруулж ирсэн аж. Хил, гаалийн байгууллагынхан уг химийн бодисыг шалгахад Монгол Улсад ашиглахыг хязгаарласан триэтаноламин (Triethanolamine) таван кг-ыг хилээр нэвтрүүлсэн байсан гэнэ. Тиймээс холбогдох хууль хяналтын байгууллагаар үргэлжлүүлэн шалгуулахаар шилжүүлсний дагуу цагдаагийнхан үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан аж.
Уг бодис нь Засгийн газрын 2007 оны дөрөвдүгээр сарын 11-ний 95 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисыг жагсаалтын 28 дугаарт багтсан байдаг бөгөөд түүнд тэмдэглэснээр 102-71-6 олон улсын бүртгэлийн дугаартай, хэрэглээний түгээмэл хэлбэр нь химийн зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг, бодисын онцлог, хоруу шинж чанар нь үхэлд хүргэх аюултай гэжээ.
Уг хэрэгт НПГ-аас Эрүүгийн хуулийн 24.3-1-ийн “Химийн хорт, аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн, авсан”, 24.3-3 дахь хэсгийн “Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх заалтын дагуу яллагдагчаар татсан байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.