"Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болсон" гэж Аж, үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлж байна.
Аж, үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай төслийг хэлэлцээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
Тус хэлэлцээр нь хоёр талд урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлт бий болгох, хоёр талын төрийн өмчит хуулийн этгээд хооронд байгуулах нүүрс худалдах, худалдан авах гэрээг харилцан ашигтай, нийлүүлэлт тогтвортой байх зарчмын дагуу байгуулах, нүүрсний орд дахь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой. Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Засгийн газрын 2024-2028 онд хийх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Үүний нэгдүгээрт Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Хангимандал, Бичигт-Зүүн хатавчийн боомтуудыг төмөр замаар холбох ажил бий. Монгол Улс экспортоо өсгөж, эдийн засгаа тэлэхэд эдгээр нь чухал ач холбогдолтой төсөл юм.
Хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээ хийх явцад баримтлах үндсэн чиглэлийг УИХ саяхан баталсан. Энэ хүрээнд бид гэрээний төслийг БНХАУ-ын талтай тохирч чадлаа. Үндсэн чиглэлийг 12 заалттайгаар УИХ баталж өгсөн. Хил холбохоос гадна сэргээгдэх эрчим хүчний экспорт, барилгын салбар гэх мэт бусад салбарт хэрэгжүүлэх төслүүдэд энэ гэрээ гарааны нөхцөл болж чадна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.