СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-22

Ерөнхийлөгч П.Очирбат Ерөнхийлөгчийн засаглалаас татгалзсанаар Монгол Улс парламентын замыг сонгожээ

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 цагийн өмнө

Их гүрнүүдийн дунд оршдог жижигхэн Монгол Улс, тэгсэн хэрнээ иргэд том эрх чөлөөтэй. Бид өөрсдийн эрх чөлөөг голдог. Гэхдээ “…Эрх чөлөө маань хэр хэмжээтэй вэ” гэдгийг нийгмийн сүлжээн дэх үг хэлэх эрхээсээ шууд харж болно. Энэ маань 1992 онд баталсан Ардчилсан Үндсэн хуулиар баталгааждаг. Хэрвээ тухайн үед Үндсэн хуулиараа парламентын бус засаглалыг сонгосон бол өнөөдөр үгээ ийм чанга хэлэх байтугай өөдтэйхэн тод ярьж чадах байсан болов уу, яах бол...

Тэгвэл тэрхүү Ардчилсан Үндсэн хуулийг 1991 оны сүүлчээр хэлэлцэх үед “…Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай явах уу” гэдгийг хэлэлцсэн. Тухайн үед АИХ-ын депутатууд “…Ерөнхийлөгчийн засаглал зөв”, “…Парламентын засаглал чухал” гэдэг дээр тэнцүү байр суурьтай байжээ.

Тодруулбал, тухайн үеийн хууль тогтоогчид ийм эсрэг тэсрэг байр сууриудыг илэрхийлж байв. Ийн хэлэлцэж хэлэлцсээр санал хураахад “…Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байна” хэмээн 196 депутат буюу 53 хувь нь, “…Дэмжихгүй байна” хэмээн 151 депутат буюу 41 хувь нь санал өгсөн. Харин 15 депутат буюу таван хувь нь түдгэлзжээ.

Үүний дараа “…Парламентын засаглалыг дэмжинэ” гэсэн цөөнх нь Монгол Улсын засаглалын асуудлыг дахин хэлэлцэх санал гаргажээ. Ингээд санал хураахад АИХ-ын депутатуудын 291 нь буюу 77 хувь нь энэ асуудлыг дахин хэлэлцэхийг дэмжсэн байна. Тиймээс АИХ-ын чуулганаар “...Монгол Улс ямар засаглалтай байх вэ” хэмээх асуудлаар дахин санал хураасан байна. Ингэхэд дийлэнх нь дэмжсэнээр Ерөнхийлөгчийн засаглалын талаар чамгүй олон хоног хэлэлцжээ.

1991 оны арваннэгдүгээр сарын 29-30-нд хуралдсан АИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн засаглалтай байх эсэх асуудлаар хэлэлцсээр эцэст нь санал хураахад 186 депутат буюу 48 хувь нь дэмжиж, 186 депутат буюу 48 хувь нь татгалзаж, 13 депутат буюу дөрвөн хувь нь түдгэлзэж, санал тэнцжээ. Санал тэнцсэн тул Ерөнхийлөгчийн саналыг сонсохоор болсон байгаа юм.

Ерөнхийлөгч П.Очирбат: Эрхэм депутатууд аа. Тэгэхээр би өчигдөр бас та бүхний тавьсан асуудалд хариулахдаа өөрийнхөө саналыг хэлсэн. Түүнээс өөр надад нэмж хэлэх зүйл алга байна. Энэ асуудлыг хэлэлцэж байгаа, хэлэлцсэн явцаас харахад ер нь манайд та бидний буруу ярьж, зөв ойлгоод байгаа парламентын засаглал байх нь зайлшгүй чухал байгаа юм. Тэгэхээр үүнийг бол Ерөнхийлөгчийн эрх мэдэл дээр зарим зохицуулах, зарим зүйлийг тодруулах нэмэх, ийм юм бий байх аа. Үүнийг бол тухайн тухайн зүйлийг хэлэлцэхдээ яриад тодруулаад явчихаж болох байх гэж бодож байна. Тийм учраас ер нь одоо энэ эрх хуваах ямар засаглалтай төр, улс байх вэ гэдгийг шийдэхдээ парламентынх гэдэг дээр нь тогтож шийдээд, эрхийн харьцаа хуваарь тэнцвэрийн асуудлаа тодорхой дараа нь яривал яасан юм бэ гэсэн ийм саналыг дахиад хэлмээр байна.

Түүний дараа АИХ-ын дарга Ж.Уртнасан “…Томъёоллыг бид өөрчлөхгүйгээр л санал хураадаг. За, саналд тэнцэж байна. Дахин санал хураалт явуулъя” гээд, 16 депутат үг хэлээд, “...Парламентын засаглалтай байна” гэдгээр томъёолж санал хураажээ.

Үүгээр 19:03 минутад дахин санал хураалт явуулахад Ерөнхийлөгчийн засаглалыг 238 депутат буюу 65 хувь нь дэмжиж, 117 буюу 32 хувь нь татгалзжээ.

Хэлэлцүүлэг цааш үргэлжилж, 1991 оны арванхоёрдугаар сарын 1-нд АИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн засаглалыг 190 депутат буюу 50 хувь нь дэмжиж, 178 депутат буюу 47 хувь нь татгалзаж, 12 депутат буюу гурван хувь нь түдгэлзжээ.

Улмаар арванхоёрдугаар сарын 2-ны өдрөөс АИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн бүрэн эрх, УИХ-ын тухай хэлэлцэж эхэлсэн байна. Харин 354 дүгээр тойргийн депутат Ш.Бороодой “…67 хувийн санал авсан Ерөнхийлөгчийн засаглалыг шийдвэрлэсний дараа бусад асуудлаа цааш хэлэлцэж эхэлье” санал дэвшүүлсэн байна. Ингэсээр 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Б.Чимид Үндсэн хуулийн зүйл бүрээр депутатуудад уншиж сонсгоход “...УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн” гэдэг заалтыг дэмжжээ.

Ер нь бол 1991 арваннэгдүгээр сарын 30-ны тэр өдөр Ерөнхийлөгч П.Очирбат “хайн” хагалсанаар Монгол Улс Ерөнхийлөгчийн бус парламентын засаглалыг сонгож байжээ. Товчхондоо, Ерөнхийлөгч П.Очирбат Ерөнхийлөгчийн засаглалаас татгалзаж Монгол Улс парламентын замыг сонгож байв.

Харин энэ нь анхны Ерөнхийлөгч П.Очирбатын улстөрчийн хувьд ч, төрийн зүтгэлтний хувиар ч Монголдоо үлдээсэн өв болж үлдэв.

Тэрээр тэнгэрийн орноо одов. Амьд ахуйдаа энэ гавьяагаа энд тэнд ярьж дурсаж ч явсангүй. Монголын төр ч дархалж тодруулж өгсөнгүй.

Тэр байтугай ч түүнийг тэнгэрт одсоны дараа нийгмийн сүлжээгээр монгол хүний сэтгэл зүй хийгээд үйлдэл байх боломжгүй олон “сэтгэгдэл” олж үзэв. Ихэд гонсойв.

Тамсагийн нефтийг Канадын “Соко интернейшнл” компани П.Очирбат гуайг Ерөнхийлөгч байх үед олсон нь үнэн. Дараа нь лицензээ Хятадын “Петро Чайна”-д зарсан. Тус компани 2001 онд Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн. Тэгээд олборлолт эхэлсэн. Бодит байдал нь ийм л байдаг.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 13 (7509)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.