Монгол Улсад элэгний өвчлөл, тэр дундаа элэгний хорт хавдар зонхилон тохиолддог. Өвчлөл их байгаатай холбоотойгоор элэгний чиглэлээр төрөлжсөн эмнэлэг, клиникийн хүрэлцээ хомс хэвээр байна. Тэгвэл нийслэлд элэгний чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг цөөн хэдэн эмнэлгийн нэг нь “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” юм.
Уг эмнэлэг анх 1989 онд байгуулагдсан ч 2008 оноос хойш эмнэлэгтэй холбоотой маргаантай асуудлууд үүсэж эхэлсэн. Маргааны гол зангилаа нь Элэг судлалын клиник төвөөр зогсохгүй тус төвийн харъяа 9 барилга, 10 га газрыг өөрийн болгохоор улайран зүтгэж буй Монгол Улсын ардын эмч, эмнэлгийн дарга Ж.Хатанбаатартай холбогддог.
Тодруулбал, тус эмнэлгийн дарга Ж.Хатанбаатар нь 2008 оны 9 дүгээр сарын 8-нд менежментийн үр дүнг харгалзан эмнэлгийг хувьчлах гэрээг нийслэлтэй 3 жилийн хугацаатай байгуулж, хувьчлан авах үнийн дүнг 876 сая төгрөг байхаар тогтож байжээ. 876 сая төгрөгт нийт 9 барилга, байгууламж, газрыг хамруулжээ. Тухайлбал, аж ахуйн барилга, аж ахуйн хашаа, 2 гараашийн барилга, 2 сувилал, эмчилгээний төв, нийтийн эзэмшлийн хөрөнгө, тухайн клиник төвийн өөрийн барилга, эмийн үйлдвэрийн барилга гэх мэт 9 барилга, байгууламж, газрыг 876 сая төгрөгөөр хувьчлан авахаар менежментийн гэрээ байгуулсан.
Менежментийн гэрээ байгуулсан хэдий ч удаагүй гэрээний үүргээ биелүүлээгүй, эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулаагүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хуралдааны 2014 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор менежментийн гэрээг хаахаар шийдвэрлэсэн. Гэтэл менежментийн гэрээний багийн ахлах Ж.Хатанбаатар нь одоог хүртэл нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Эмнэлгийн барилгыг нийслэлд буцаан шилжүүлэхгүй байна.
Эмнэлгийг аль 2000 онд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” болгон өөрчилж, дүрмийг баталсан ч “Менежментийн гэрээ” нэрийн дор хувьдаа авч, эмнэлгийн харъяаллын 9 барилга, байгууламж, газарт Ж.Хатанбаатар шунасан хэвээр. Менежментийн гэрээний үүрэг даалгавраа биелүүлээгүй цуцлагдсан гэрээгээр түрий барьж, 17 жилийн турш албан тушаалаа ч, нийслэлийн барилга, байгууламжуудыг ч хувьдаа ашигласаар байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Наад нөхөр чинь сургууль төгссөнөөс хойш бүх үйл ажллгаана хулих